Өнөөдөр /2022.05.11/ Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны бондын өр төлбөрүүдийн асуудлыг хэлэлцэж, Самурай бондын төлбөрийг хэсэгчлэн хийж эхлэх үүрэг чиглэлийг тус банканд өгчээ.
Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар хэлэхдээ “Засгийн газар нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкан дээр онцгой анхаарал хандуулсан гол учир нь ирэх жил төлөгдөх хоёр бондын төлбөртэй холбоотой. 2023 оны 10 дугаар сарын 23-нд төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөгийн төлбөр байна.
Мөн 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 30 тэрбум иений төлбөр буюу одоогийн ханшаар 713 тэрбум төгрөгийн өр бий. Энэ хоёр өрөөс онцгой анхаарах ёстой нь Самурай бонд юм.
Учир юу вэ гэвэл Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк төлж чадахгүйд хүрвэл энэ өрийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө, энэ хэмжээний дарамт төсөв дээр, татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэсэн үг. Тиймээс ийм эрсдэлтэй тулахгүйн тулд хуримтлагдаж байсан чанаргүй зээлүүдийг энэ оны нэгдүгээр улирлаас маш яаралтай төлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.
Энэ оны 6 дугаар сарын 30, арванхоёрдугаар сарын 31 гэсэн чухал цаг хугацаа бидний өмнө байгаа. Арванхоёрдугаар сарын 31-ний тайлан баланс аудитлагдах ёстой. Энэ аудитаар тайлан баланс муу гарах юм бол тус банкийг татан буулгах, дампууруулах хэмжээнд очно. Хэрвээ бид чанаргүй зээлээ амжилттай барагдуулж чадаад, тайлан балансаа арванхоёрдугаар сарын 31-нээр сайжруулж чадах юм бол ирэх онд дахин санхүүжилт хийх ёстой Евро бондоо амжилттай хийнэ.
Мөн Самурай бондоо хугацаанд нь төлөх нөхцөл бүрдэнэ. Тийм учраас энэ жил чанаргүй зээлүүддээ анхаарал тавьж, энэ онд дор хаяж 50 хувийг нь төлүүлэх зорилт тавьж, Засгийн газар ажиллаж байна. Хөгжлийн банк Самурай бондын төлбөрийг өөрөө төлж чадахгүй дефольт болох юм бол энэ нь зөвхөн тус банкны дампуурал биш Олон улсын санхүүгийн зах зээл дээр МУ-ын Засгийн газрын асуудал үүснэ. Ийм чухал цаг хугацаатай уралдаж, бид Хөгжлийн банкны асуудлаар ажиллаж байгаа юм шүү.
Одоогийн байдлаар 260 тэрбум төгрөг өнөө маргаашгүй төлөгдөж, эх үүсвэр бэлэн болохоор болж байна. Тэгэхээр Самурай бондыг урьдчилж төлөх нөхцөл бүрдэж байгаа учраас хэсэгчлээд төлж байя гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу Хөгжлийн банканд үүрэг чиглэл очиж байна. Иенийн ханш нэлээн савлагаатай байна. Гэхдээ өнөө маргаашдаа бидэнд ашигтай чиглэл рүүгээ ханш хөдөлж байна. Хэд хоногийн өмнө мэдээлж байхдаа 750 орчим тэрбум төгрөг гэж байсан бол одоогоор ханшийн зөрүүний нөлөөллөөр 713 тэрбум төгрөг болж байна. Энэ зээлийг төлж эхэлснээр олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газраар баталгаажсан үнэт цаас, Хөгжлийн банк санхүүгийн хариуцлагыг хэрхэн хангаж ажиллаж буйгаа харуулах том боломж бүрдэнэ гэсэн үг. 260 тэрбум гэдэг нь Самурай бондын 37 орчим хувь гэсэн үг.
Энэ жилийн хувьд бид дор хаяж 800-гаад тэрбум төгрөгийн зээл төлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхгүй л бол бидний жилийн эцсийн баланс сайжирч гарч чадахгүй” гэлээ.
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул Самурай бонд эзэмшигчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Евро бондын 500 сая $ ч чанга даа. Сумъяабазар хулгайчид LRT гэж ашиггүй шахуу төсөл дээр баталгаа гаргаж байхаар өрөө төлсөн нь дээр