Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Инфляцын түвшнийг өмнөх онуудын 4 дүгээр саруудтай харьцуулахад дараах байдлаар гарч байжээ.
Харин энэ оны 4 дүгээр сард 14.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 8.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Сануулахад, инфляц гуравдугаар сард улсын хэмжээнд мөн 14.4 хувьтай гарсан.
Үнийн өсөлтийн эрчим буурахгүй байгаатай холбоотойгоор Төв банк 2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс хойш 6 хувьтай байсан Бодлогын хүүг энэ оны 1 дүгээр сарын 31-нд 0.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн бол гуравдугаар сарын 24-нд 2.5 нэгж хувиар өсгөж, 9 хувьд хүргэж, мөнгөний бодлогыг хатууруулсан.
Тэгвэл Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев “Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Эдийн засгийн тогтворгүй байдал, мөн тулгараад байгаа эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй байна” гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
Түүнчлэн, Монгол Улс хувьд олон тулгууртай бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм.
Монголбанкны хувьд инфляцыг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч, бодлогын хүүг нэмэгдүүлэх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатай байгааг Дэлхийн банкнаас онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )