АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены энэ сарын 22-24-ны хооронд Токиод хийх айлчлалын үеэр нийт 18 мянган цагдаагийн алба хаагчийг дайчилна гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Энэ үеэр АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн төр, засгийн тэргүүн нар оролцсон Аюулгүй байдлын дөрвөн талт дээд хэмжээний уулзалт болох юм. Уулзалтаар цахим халдлага болон бүх хэлбэрийн терроризмын заналхийллээс урьдчилан сэргийлэх асуудлыг онцгойлон хэлэлцэхээр төлөвлөж байна.
Киодо агентлагийн мэдээллээр, дээд түвшний зочдын аюулгүй байдлыг хангах хууль сахиулах хүчнийг удирдлагаар хангах тусгай штаб байгуулжээ. Зочдын байрлах газар, элчин сайдын яамд зэрэг газрыг хамгаалалтад авахаас гадна төмөр замын буудал, нисэх онгоцны буудал болон олон нийтийн газруудад онцгой анхаарал хандуулах гэнэ. Энэ үеэр мөн замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордныг тэргүүлснээс хойш анх удаа Азид айлчлал хийхээр зэхэж байна. Тэрбээр энэ сарын 20-22-ны хооронд БНСУ, 22-24-ны хооронд Токиод айлчлал хийх юм. Түүний энэхүү айлчлал нь АНУ Ази, ялангуяа Хятадын асуудалд анхаарал хандуулсаар байгааг илэрхийлэх, Энэтхэг, Номхон далайн эдийн засгийн хүрээ санаачилгыг эхлүүлэх зорилготой.
ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэн Тайванийн асуудлыг хөндөж эхэлсэн. Ялангуяа Японд түгшүүрийн дохио хүчтэй дуугарсан. Токио, Бээжингийн амаргүй харилцаа, Тайванийн хоолой дахь хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр Японд Тайванийн аливаа сөргөлдөөнд мандах нарны оронд нөлөөлнө гэх болгоомжлол нэмэгдэх болсон. Зарим шинжээчдийн таамаглаж буйгаар, БНХАУ тус арал руу дайрсан тохиолдолд Хятадын зүгээс өгөх өрссөн цохилтод Японд дахь АНУ-ын цэргийн бааз өртөж болзошгүй. Ирэх айлчлалын үеэр Байден, Кишида нар Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис болон Тайванийн хоолойн статус квог хуч хэрэглэх замаар өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нотолно гэж Вашингтоны Стимсоны төвийн Японы хөтөлбөрийн захирал Юки Тацүми үзэж байна.
АНУ-аас санаачилсан Энэтхэг, Номхон далайн эдийн засгийн хөтөлбөр мөн Хятадыг тогтоох барихад чиглэж байна. Энэхүү стратеги нь Хятадын “Бүс ба Зам” санаачилгад барьж буй хариу юм.
Мөн Байдены БНСУ, Японы удирдагчидтай хийх хэлэлцээний гол сэдэв нь БНАСАУ-ын асуудал байх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ ямар долларын тэрбумтан юм уу? Баячууд л алуулах магадлалтай.