Газрын тос олборлогч ПетроЧайна Дачин Тамсаг компани Дорнод аймгийн Матад, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын I, VII багийн байгаль орчныг доройтуулж, иргэдийн эрхийг зөрчөөд зогсохгүй Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Монгол Улсад ямар ч ашиггүй явж ирснийг иргэд ярьж байна. Бид энэ удаа "Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн Г.Адилбиш, газрын тосны тээвэр нь замын маршрут зөрчсөн асуудлаар шүүхийн шатанд маргаан үүсгэсэн Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч У.Болдхүү нартай ярилцлаа.
Г.АДИЛБИШ: МОНГОЛЫН ТӨРД ТОЛГОЙ АЛГА -Дорнодчууд 2018 оноос ПетроЧайна Дачин Тамсаг компанийг эсэргүүцэж хөдөлгөөн өрнүүлсээр иржээ. Тухайн үед ямар асуудал үүссэн бэ? -Би Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул. 2018 оны аравдугаар сард ПетроЧайна Дачин Тамсаг компани манай суманд Хэрлэн голын эргээс хоёрхон километрт өрөм тавихаар ирж, малчид бичлэг хийж цахим орчинд тавьснаар нийслэлд амьдардаг нутгийн залуус очсон. Өөрийн юманд хүн харам байдаг. Тиймээс 30 шахам жил тэр нутгийн байгаль орчныг самарчихаад яагаад шинэ газар өрөмдлөг хийхээр ирэв. Энд зөвшөөрөл өгчихсөн гэж үү гээд судалж эхэлсэн. Бичиг баримттай танилцах явцад энэ компанийн асуудлыг орон нутаг, цаашлаад Монголын төр анхаарлынхаа гадна орхигдуулж иржээ гэж бодогдсон. Анх 1993 онд Америкийн “Соко интернешнл” компани Дорнодын Тамсаг булагт газрын тосны хайгуул, өрөмдлөг эхлүүлсэн байдаг. 2005 онд БНХАУ-ын төрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай ПетроЧайна Дачин Тамсаг компани Засгийн газраас Америкийн “Соко интернешнл”-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлж авснаар Матад, Халхгол суманд газрын тосны олборлолт эхлүүлж, өнөөдөр 29 дэх жилдээ ажиллаж байна. Дорнод аймаг 12 сая га талбайтай, түүний таван сая га буюу Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Орхон зэрэг дөрвөн аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газар нутгийг 2005 оноос энэ компанид өгч эхэлсэн байгаа юм. Үүнийг газрын зураг дээр зураад үзэхэд монгол хүн болгоны элэг зүрх өвдөж, гол харлам. Ийм болсныг төрд алба хашиж буй хүмүүс, төрийн өндөр албан тушаалтнууд, нутгийн залууст үзүүлэхэд бүгд нүд нь орой дээрээ гарах шахан дуу алдаж байсан. Жирийн иргэн бид амьдралаа болгох гэж ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ өсгөж явсан. Гэтэл мэдээлэлд хамгийн ойр сайд, төрийн түшээд, дарга нар тэрийг мэдэхгүй юм шиг байдал үзүүлсэнд эмзэглэсэн. Өнөөдөр Дорнодын 14 сумын 11 нь их, бага ямар нэгэн хэмжээгээр газрын тосны ашиглалтын талбайд орчихсон, иргэд уугуул нутагтаа амьдрах аргагүй болчихоод байгаа тул нэн тэргүүнд нутгийн малчид, иргэдэд мэдээлэл хүргэхийн төлөө ажиллахад, дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. -Ашиглалтын хэдэн талбай байдаг вэ, газар дээр нь очиж үзэв үү? -Тэнд таван сая га газрыг хамарсан ашиглалтын зургаан талбайд БНХАУ, Хонконг, Канад, Монголын хөрөнгө оруулалттай нэг, бусад нь гаднын хөрөнгө оруулалттай компани олборлолт хийдэг. Дөрвөн талбайд нь бид хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж акц явуулсан. Хүмүүс “Наадах чинь дэмий, орхи. Ар гэр, амьдралаа бод” гэдэг. Гэтэл төр, засгаас ийм гэрээ хийсэн юм байна лээ, ингээд явж байг гэж бодож болохгүй. Газрын тосны XX болон XVII талбай болон ПетроЧайна Дачин Тамсагийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг бид олж авсан. Харьцуулаад судлахад манай улс ердөө 24-хөн хувийг эзэмшдэг. 40 хувийг нь олборлогч компани, гэрээт компаниуд нь зардалдаа шингээж, үлдсэнийг нь хамгийн багадаа 60:40 гэсэн харьцаагаар авна гэсэн ч Монголын талд тэр нь ямар ч ашиггүй байгаа нь харамсалтай. -Газрын тос олборлож эхэлснээр гарсан нэг ч болов эерэг зүйл байна уу? -Баялгийн эзэд 50+1 хувийг эзэмших ёстой гэдэг ч тийм боломж алга. Орон нутагт бол бүр ч өгөөжгүй, аймаг, сум хөгжсөн юм байхгүй. Матад сумын ЗДТГ гэхэд үүдээр нь ороход шалных нь банз үсчсэн, нурж унахаа шахсан байшин бий. Ийм байдалтай Монголын хамгийн баян сум, баялгийн орон байна гээд бод доо. Газрын тосны ашиглалтын XIX талбайд роялти огт төлдөггүй, ХХI талбай дээрээс дөнгөж төлж эхэлсэн байгаа юм. Энэ мэтээр татварын хуулийн олон зүйл, заалт тэнд зөрчигдөж ирсэн. Хамгийн эмгэнэлтэй нь экспорт 2006-2021 он хүртэлх хугацаанд манай улс 10 сая тонн газрын тос экспортод гаргасныхаа төлөө хоёр их наяд төгрөг олсон гэсэн тоог том ашиг олсон мэтээр харуулдаг. Яг үнэндээ тооны машин дээр хийгээд үзэхэд нэг литр тосноосоо 200 төгрөг л олсон байгаа юм. Бид тийм үнэ цэнэгүй стратегийн ордтой, тийм хямд баялагтай, ядуу ард түмэн гэж үү. Халх голын дайнд тэр газрыг хэдэн зуун хүн халуун амь, бүлээн цусаараа хамгаалж үлдсэн. Энх цагт нэг литр тосоо 200-хан төгрөгөөр Хятад руу гаргах гэж тэгж авч үлдээгүй байлтай. Тиймээс баялгийн эзэд бид эрх ашгаа хамгаалж тэмцэхгүй өөр яах юм бэ. Монголд ямар ч ашиггүй ийм компанийг нутгаасаа хөөнө. -Иргэдийн гомдлоор шүүхийн шатанд хэрэг үүсгэсэн гэсэн. Одоо ямар шатанд явж байна? -Мэнэнгийн сав газрыг хамгаалах ТББ санаачлан бид хамтарч ПетроЧайна Дачин Тамсаг компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар шаардлага хүргүүлсэн. Уг нь энэ асуудал гурван шатны шүүхээр явж, эцэст нь Дээд шүүхээс нийгмийн хариуцлагын гэрээ хий гэсэн үүрэг өгсөн байхад биелүүлээгүй. Шийдвэр нь 2019 оны нэгдүгээр сарын 05-нд гарсан байгаа юм. 2020 оны нэгдүгээр сарын 05-нд энэ асуудлаар бид хамтарч шаардлага тавьж, Мэнэнгийн талд очсон. Матад, Халхгол сумтай тус бүр гэрээ хий, орон нутгийг хөгжүүл. Ямар дүнтэй гэрээ хийх нь орон нутгийн асуудал. Ингээд бид гурван өдөр жагсаж үйл ажиллагааг нь зогсоож байсан. Гэтэл “Та нар нэг өдөр үйл ажиллагааг зогсоовол 700 сая төгрөгийн өрөнд орно шүү” гэж УИХ-ын гишүүд нь яриад эхэлдэг. Ямартай ч ингэж шахалт үзүүлж байж нийгмийн хариуцлагын гэрээ хийлгэсэн боловч одоо болтол тэр үүргээ биелүүлээгүй. Тэр гэрээгээр 2018-2019 онд нийт 500 сая төгрөг, 2020 оны гэрээнд 450 мянган ам.доллар, түүнээс хойш жил бүр төлнө гэсэн. Хуульд “Нийгмийн хариуцлагын гэрээг сайн дурын үндсэнд хийнэ” гэсэн нь гэрээ хийвэл хийнэ, үгүй бол үгүй гэсэн байдлыг үүсгэж байна. Тиймээс “Бид сумын чинь эмнэлэгт түргэн тусламжийн машин аваад өгчихнө. Хүүхдийн цэцэрлэгт тоглоом өгчихнө, гэрээгээр яах юм бэ" гэх зүйл өөдөөс хэлдэг. -Иргэд хяналт сайн тавьдаг. Төрийн байгууллагууд хэрхэн ханддаг бол? -Шууд хэлье, төрийн байгууллагууд тэдний зөрчлийг мэдээд байгаа атлаа дуугардаггүй, ажлаа хийдэггүй. 2018 оны байдлаар ус ашиглах дүгнэлттэй хэрнээ гэрээ хийгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, хоёр жил тутам орох ёстой аудит нь ороогүй, химийн хортой хог хаягдлын стандарт зөрчигдсөн, нөхөн сэргээлт хийдэг ч орон нутагт хүлээлгэж өгдөггүй гээд олон зөрчил илэрсэн. Химийн хортой хог хаягдал газарт нэвчсэн байхад жишим ч үгүй “жоохоон цоорчихож” гээд байж байсан. Шалгах гээд очсон төрийн байгууллагууд компанийн хашаа руу нэвтэрч чадахгүй гадаа нь зогсож, хашааны наана, цаанаас уулзаж байгаа юм. Монголын төрд толгой алга. |
У.БОЛДХҮҮ: СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН -Сүхбаатар аймаг ПетроЧайна Дачин Тамсаг компанитай шүүхийн шатанд маргаан үүсгэсэн нь ямар шатанд явж байгаа вэ? -Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Эрдэнэцагаан сумын I, VII багийн нутгаар дамжин өнгөрдөг ПетроЧайна Дачин Тамсаг компанийн газрын тосны тээврийн замын далангийн хажуу талын хэсгийн эдэлбэр газар дээр үнэлгээ хийлгэсэн байдаг. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг холбогдох хуулиараа тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага хийдэг. Байгаль орчны хохирлын үнэлгээ, мөн нөхөн төлбөртэй холбоотой мэргэжлийн байгууллагын үнэлэлт, дүгнэлт гарсан. Үүний дараа 2020 оны хоёрдугаар сараас Сүхбаатар аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, мөн нөхөн сэргээлт хийх зардлыг төлүүлэх нэхэмжлэл гаргаад үндсэндээ хоёр жилийн нүүр үзэж байна. Шүүх хуралдаан энэ сарын 27-нд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Анх хариуцагчийн хаягаар Сүхбаатар дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүссэн ч ПетроЧайна Дачин Тамсаг компани Баянзүрх дүүрэгт харьяалалтай гээд тус дүүргийн шүүх рүү шилжүүлж 4-5 удаа итгэмжилсэн төлөөлөгчөө сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хойшилж ирсэн. -Ашиглалтын гэрээ хийлгүй зам ашиглаж ирсэн гэсэн үг үү? -Энэ компани 2005 оноос хойш олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Түүнээс өмнө тусгай зөвшөөрөл нь гаднын хөрөнгө оруулалттай өөр компаниудад байсан. Үйл ажиллагаагаа явуулснаас хойш буюу сүүлд Авто замын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан байдаг. Энэ хуулиар тус компани тусгай зориулалттай авто зам эзэмшигч, ашиглагчаар Зам тээврийн яамтай гэрээ байгуулж маршрутаа батлуулж явах ёстой. Гэтэл Бүтээгдэхүүн хуваах гэрээг энэ хууль батлагдахаас өмнө байгуулсан гэдэг үндэслэлээр ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байдаггүй. Засгийн газар болон Зам тээврийн холбогдох газар, яамтай хийсэн ямар ч гэрээ байхгүй. Тээвэрлэлт хийж байгаа зам нь орон нутгтийн чанартай авто зам шүү гэсэн тайлбарыг өөрсдөө ч өгдөг, мөн шүүх хуралдаанд ирүүлсэн нотлох баримтаар Зам тээврийн яам бараг эдний компанийн зам орон нутгийн чанартай замд хамаарна шүү гэсэн утгатай бичгийг бидэнд ирүүлсэн байгаа. -Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийлгэсэн гэлээ. Мөнгөн дүнгээр тооцвол хэд орчим болсон бэ? -Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн үнэлгээнд 2019 оны байдлаар замын нөлөөгөөр эвдэрсэн газрын хэмжээг 1907 га гэж үзсэн. Хохирлын үнэлгээ нь 11.7 тэрбум төгрөг гэж тооцсон. Дээр нь тухайн компани өөрийн машин явуулдаг даланг засах зориулалтаар нийтдээ 4.5 га газрыг карьерийн зориулалтаар ашиглаж эвдэж сүйтгээд, түүнийгээ нөхөн сэргээгээгүй гэсэн дүгнэлт гарсан. Карьерийн үнэлгээ нь 174 сая төгрөг, нийтдээ 11.8 сая гаруй төгрөгийн хохирол байгаль орчинд учирчээ гэсэн үнэлгээ хийгдсэн. Байгалийн нөхөн сэргээлтэд дахиад 9.5 тэрбум орчим төгрөгийн зардал шаардлагатай. Нийтэд нь авч үзвэл 21.4 орчим тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ карьер ухахад зориулж газар ухсан асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ПетроЧайна Дачин Тамсаг компанид хамааралгүй, харин тус компанитай гэрээ байгуулж, далан засаж байсан гүйцэтгэгч компани тэр газрыг ухсан болох нь тогтоогдсон. -Энэ хүртэл ПетроЧайна Дачин Тамсаг компанид нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг шаардаж байсан удаа байна уу? -ПетроЧайна Дачин Тамсаг компанитай холбоотой асуудлыг аймгийн Засаг даргын зүгээс 2019 оноос ярьж эхэлсэн байдаг. Эхний ээлжинд энэ компанийн ерөнхий захирал болон тэргүүн дэд захиралтай 2-3 удаа уулзаж асуудлаа ярьсан. Уулзалтын хурлын тэмдэглэлүүд шүүхэд очсон байгаа. Уулзалтаар компанийн удирдлагууд замыг ямар болгосноо өөрсдийн зүгээс хүлээн зөвшөөрсөн байдаг. Одоо шүүх дээр тухайн компанийг төлөөлж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгээд явж байгаа. Бид гурван асуудлыг тухайн үед тавьж байсан. Нэгдүгээрт, замын хохирлын төлбөрийн асуудал үүсэж байна. Нөхөн сэргээх асуудлыг та бүхэн яаралтай авч хэрэгжүүл гэсэн шаардлага тавьсан. Хоёрдугаарт, чулуун овоолго бүхий далангаа хатуу хучилттай болго. Тэгэхгүй бол дэржигнүүрээс болж жолооч нар замын хажуугаар дуртай газраараа явж байгаль орчин сүйтгэж байна гэсэн. Гуравдугаарт, нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг, орон нутагтай гэрээ байгуулж ажиллахыг шаардсан. Гэвч компанийн зүгээс аймагтай ийм гэрээ байгуулахгүй гэж мэдэгдсэн.Зам тавих тухай асуудлыг 2019-2020 онд ярихдаа авто замынхаа зургийг хийж дуусгаад 2021-2022 онд замаа тавихыг эрмэлзэж байна гэсэн бичиг ирүүлж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар байгаль орчныг нөхөн сэргээгээгүй, авто замын асуудал бүр орхигдсон, сум, аймагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй. -Эрдэнэцагаан сумын малчид тоосжилтын улмаас хувцсаа угаагаад гаргаад дэлгэх боломжгүй, цагаан идээ боловсруулах орчингүй, мал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна ямааны ноолуур чанарын шаардлага хангахгүй эдийн засгаар хохирч байна гэж хэлдэг. Тэдний эрх ашгийг хэн хамгаалах вэ? -Иргэдийн зүгээс гаргаж байсан гомдлууд бий. Түүнийг сум, аймгийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны зүгээс шийдвэрлэх хууль эрх зүйн бодит бололцоо боломж байдаггүй. Харин тэр компанийн зүгээс байгаль орчин болоод иргэдийн амьдралд гэм хор учруулж байгаа үйлдэлд гаргасан гомдлуудыг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шийдвэрлэх ёстой, хуулиараа. Харамсалтай нь 2005 оноос хойш үргэлжилж байгаа энэ үйл явцад Монголын мэргэжлийн хяналтын байгууллага нэг ч зөрчлийн болох захиргааны актыг Сүхбаатар аймагт тавьж байгаагүй. 2019 онд иргэд гомдол гаргаж, зөрчил шалган шийдвэрлэх албан шаардлагыг нэг удаа өгсөн байдаг. Ирсэн хариу нь бий. Тэр нь хэн өгсөн, хаанаас байгуулсан нь мэдэгдэхгүй, дөрвөн хуудас бичиг байгаа, ингээд л болоо. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, хууль зөрчсөн гэж улсын байцаагчийн зүгээс торгосон, шийтгэсэн зүйл байдаггүй. Ингээд иргэдийн гомдол шийдэгддэггүй. Одоо аймгийн Засаг дарга, төрийн захиргааны байгууллагаас гаргаад явж байгаа хохирол, нөхөн төлбөрийн асуудал зөвхөн байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэх нэхэмжлэл байгаа юм. Бүс нутагт амьдардаг иргэдийн амьжиргааны асуудал, төрөлх газар нутагтаа эзэн сууж чадахгүй өөр баг, сумын нутагт очиж гадуурхагдаж байгаа асуудал, бэлчээрийн маргаан, мал махны чанарын асуудал, ноолууртай холбоотой орлогын эх үүсвэр, хүн, малын эрүүл мэндийн асуудал гэхчлэн нийгмийн шинжтэй, гэхдээ хохирол нь өрх гэрийн амьдралд хүнд дарамт учруулж байгаа асуудлууд орхигдоод байна. Үүнийг тухайн иргэнийг төлөөлж Засаг дарга, өөр хэн нэгэн өмнөөс нь нэхэмжлэл гаргаад явах боломжгүй, хуулийн нөхцөл байдал ийм. Тэгэхээр бүс нутгийн эрх ашгийг хэн хамгаалах вэ, иргэд гомдол гаргаж, ИТХ, Засаг даргадаа гомдол тавихаас илүү өөрсдөө нэхэмжлэл гаргаж шүүхээр явахаас өөр аргагүй. Өмгөөлөгчийн хувьд би ийм л зөвлөгөө өгнө.
|
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 8 )
Дэмжиж байгаа шүү. Монголд ашиггүй гэрээтэй энэ компанийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Ганбаатар гишүүн яагаад чимээгүй байгаад байна? Оюутолгой дээр яаж “тэмцсэн” билээ тэрэн шигээ одоо бас Петро чайна дээр дуугараачээ. Эсвэл Оюутолгой дээр хувийн ашиг сонирхлын үүднээс хөдөлсөн юм уу?
Урдаас ч айна ардаас чиг айна. Нефть байсан ч ашиглуулдаггүй. Нүүрс байсан ч цах станц барижлахгүй, ус байсан ч усан цах станц бариулахгүй. Яаж ингэж амьдарах вэ? Үхвэл үхье, сэхвэл сэхье
Баялагын эзэнтэнд ашиггүй бол болиулах хэрэгтэй хятад компаниа хамгаалж цэрэг оруурлаж чадах уу барах уу
Ашиг өгөхгүй бол дампуурсан гэж үзээд дампуурал зарлад үйл ажилгааг нь шууд зогсоо.
Зүгээр руу орхио. Бид алуулна. Наадхаа оролдвол хужаанууд компаниа хамгаална гээд цэрэг оруулна шүү.
Хятад компани Хятаддаа л ашиг өгнө ш тээ. Тэнэг юм ярих ийн.
ene gazriin tosnii kompaniudtai temtseh tsag ni bolson
УИХ гишүүд нь хятадуудаас айгаад Тамсагийн нефтийн талаар яриахаар Одоо алуулнаа гэдэг хулчгарууд. Ийм байхад юу тусгаар тогтнол. Улс оронд ямар ч ашиггүй гэрээг айгаад хөдөлгөж чадахгүй суугаад байдаг өөдгүй төр засаг.