Засгийн газраас өнгөрсөн сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжлээ. Уг асуудлыг хэлэлцэх хүрээнд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын танилцуулсан мэдээллээс хүргэе.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2019 оны нийт орлого 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 орчим их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байсан бол 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс нийт зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан байна.
Нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлжээ. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал нь өндөр, орлогынхоо 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байна гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өглөө.
Хуулийн этгээдийн зардал өндөр байх тусам ашиг багасч, төсөвт төлөх татвар, ногдол ашгийн хэмжээ буурахаас гадна үйл ажиллагааны цар хүрээ, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага байна.
2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа 5.9 хувьтай байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-иас бусад нь 4 хувийн алдагдалтай ажиллажээ.
Хөрөнгийн өгөөжийн хувьд 2021 онд 1.3 хувьтай гарсан бол Дэлхийн банкны судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг 0 хувьтай үнэлсэн байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж, төрөл бүрийн төлбөр хэлбэрээр 2019 онд 2.0 их наяд төгрөг, 2020 онд 1.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Энэ нь улсын нийт татварын орлогын 16.3 хувьтай тэнцэх бөгөөд үүний 8.8 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 5.4 хувийг “Эрдэнэс тавантолгой” ХХК тус тус бүрдүүлсэн байна. Түүнчлэн төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх, удирдлагыг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах, сунгах, ажлын үр дүнг үнэлэх үйл ажиллагаа нь нээлттэй бус, улс төрөөс хамааралтай байгаа нь компанийн сайн засаглалын тогтолцоо бүрдэх, санхүүгийн сахилга баттай ажиллах нөхцөлийг хааж байна. Иймд төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл шаардлагыг тодорхойлж, төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулахын зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий салбар, хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй, зах зээлийн төвлөрөл өндөртэй нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний салбарт компани үүсгэн байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Ингэснээр эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болно. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой салбарын жагсаалтыг 4 жил тутамд Улсын Их Хурал, харин нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарын жагсаалтыг Засгийн газар баталж, төр ямар салбарт аж ахуй эрхлэх талаар тодорхой чиглэл гарч, бизнес эрхлэгчид урьдчилан тооцоолох боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг зогсоож Засгийн газрын томилсон төрийн захиргааны аль нэг төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага олон улсад тогтсон шаардлагаас доогуур, төрийн захиргааны албан хаагчийг, түүнчлэн улс төрийн албан тушаал хашиж байсан этгээдийг төлөөлөн удирдах зөвлөлд томилох, томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь тухайн компанийн удирдлага мэргэжлийн бус болох, улс төрийн нөлөөлөл бий болох боломжийг бүрдүүлж байна. Иймд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, гишүүдийн тоо, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн чадварлаг, хараат бус, жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг бүрдүүлэх чиглэлд зохицуулалтыг тусгасан гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )