Гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сард 3314.8 сая ам.доллар байсан бол тавдугаар сард 3126.3 сая ам.доллар болжээ.
Энэ нь өмнөх сараас 5.69%, оны эхнээс 31.05%, жилийн өмнөхөөс 35.92%-иар буурсан үзүүлэлт юм.
Сануулахад, Монголбанк өнгөрсөн долоо хоногт банкуудад нийт 60 сая ам.доллар нийлүүлсэн.
Төв банкны валютын нөөцийг бүрдүүлэхэд алтны салбар чухал нөлөөтэй байдаг. Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин алт худалдан авалтын талаар хэлэхдээ “Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байна. 20-24 тонн үнэт металл гэдэг нь 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ" гэсэн юм.
Тэгвэл Монголбанк 2022 оны тавдугаар сард 2,152.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт байна.
Сэтгэгдэл ( 0 )