Нүүрсний экспорт 6.8 сая тоннд хүрчээ

2022 оны 06 сарын 21

Энэ сарын 10-16-ны өдрүүдэд авто замаар 4,075 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нүүрс экспортод гарчээ. Ингэснээр оны эхнээс нийт  6,862.1 мянган тонн нүүрс экспортод гарлаа.

Сануулахад, оны эхнээс  тавдугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 5,387.3 мянган тонн нүүрс экспортод гарсан гэсэн тоон мэдээллийг  УУХҮЯ-наас  өгч байсан. Тэгэхээр энэ сарын 16-ныг хүртэлх 20 хоногт нэмж, 1.5 сая орчим тонн нүүрс экспортод гаргажээ.

ҮСХ-ны мэдээллээр экспорт энэ оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 760.8 сая ам.доллароор өсөхөд нүүрсний экспорт 763.1 сая ам.доллароор, зэсийн баяжмалын экспорт 321.4 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрх баригчид энэ оны төсвийн тухай хуулийг өнгөрсөн онд батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.2 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.7 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан.

Харин төсвийн хоёр дахь удаагийн тодотголоор нүүрсний экспортын биет хэмжээг 2 дахин бууруулж,  18 сая тонн байхаар хуульчлан, баталсан юм.

БНХАУ-аас хилийн боомтоор тээвэрлэлт хийх үеийн халдвар, хамгааллын дэглэмийг чангатгаж, хязгаарлалт тавьсантай холбогдуулан хилээр нэвтрэх нүүрсний машины тоо буурсан. Тиймээс оны эцэст нүүрсний экспорт анх төлөвлөсөн 36.7 сая тонн гэсэн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсээд байна гэж Засгийн газар үзсэн. Улмаар Гашуунсухайт боомтоор нэвтрэх машины тоог нэмэгдүүлэх, Шивээхүрэн боомтыг ойрын хугацаанд нээж, хэвийн горимд шилжих нөхцөлийг бүрдүүлж, хилээр нэвтрэх нүүрс ачсан машины тоог нэмэгдүүлснээр, нийт 18 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсоноо мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top