Валютын нөөцөөс $45 саяыг банкуудад нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Монголбанк өчигдөр /2022.06.21/ гадаад валютын дуудлага худалдаагаар цахим талбарт 45 сая ам.долларыг 3120.99 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.

Сануулахад, өмнөх буюу энэ сарын 16-ны өдрийн  гадаад валютын дуудлага худалдаагаар  44 сая ам.долларыг 3120.67 төгрөгийн ханшаар нийлүүлсэн юм. 

Гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сард 3314.8 сая ам.доллар байсан бол тавдугаар сард 3126.3 сая ам.доллар болсон гэж Монголбанкнаас мэдээлсэн.Энэ нь өмнөх сараас 5.69%, оны эхнээс 31.05%, жилийн өмнөхөөс 35.92%-иар буурсан үзүүлэлт юм.

Төв банкны валютын нөөцийг бүрдүүлэхэд алтны салбар чухал нөлөөтэй байдаг. Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин алт худалдан авалтын талаар хэлэхдээ “Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байна. 20-24 тонн үнэт металл гэдэг нь 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ" гэсэн юм.

Тэгвэл Монголбанк 2022 оны тавдугаар сард 2,152.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top