Алдагдлаараа тэргүүлэгч эрчим хүчний компаниуд жагсаалтын гадаа үлдлээ

2022 оны 06 сарын 29

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа.          

2022-2023 онд биржээр төрийн мэдлийн 34 хувийг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад оруулах төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ болон авто зам арчлалтын компаниуд багтсан гэж засгаас мэдээллээ.

Засгийн газар энэ оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудынхаа нэгэнд Төрийн өмчийн компанийн шинэчлэл гэж тодорхойлсныг сануулъя.

Түүнчлэн  2022 оны төсвийн зорилтдоо, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй  төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах  орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм.

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг  Засгийн газраас 2021 оны гуравдугаар сард илэрхийлж байсан билээ.

Тэгвэл үүнээс нэг жил гаруйн дараа 2022 оны төсвийн тодотгол  болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслүүдийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо” зэрэг  төрийн өмчит 37 хуулийн этгээдийг 34  хүртэл хувийн энгийн хувьцаа нэмж гарган хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан, нээлттэй хувьцаат компани болгохоор УИХ-ын тогтоолын төсөлд тусган оруулж ирж, батлуулсан юм.

Тодруулбал, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийн төсөлд  дараах төрийн өмчит хуулийн этгээдүүдийг  34  хүртэл хувийн энгийн хувьцаа нэмж гарган, хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар тусгасан.

 

  • “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК
  • “Монголын Цахилгаан Холбоо” ХК
  • “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК
  • “Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк” ТӨҮГ
  • “Үндэсний Давхар Даатгал” ХК
  • “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
  • “Баруун бүсийн эрчим хүчний систем”ТӨХК
  • “Дархан дулааны сүлжээ” ТӨХК
  • “Диспетчерийн үндэсний төв” ХХК
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
  • “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
  • “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК
  • “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
  • “Баянчандмань АЗЗА”ТӨХК
  • “Налайх АЗЗА” ТӨХК
  • “Архангай АЗЗА” ТӨХК
  • “Багануур-АЗЗА” ТӨХК
  • “Булган-АЗЗА” ТӨХК
  • “Говь-Алтай-АЗЗА” ТӨХК
  • “Дархан – АЗЗА” ТӨХК
  • “Дорноговь-АЗЗА” ТӨХК
  • “Завхан –АЗЗА” ТӨХК
  • “Орхон- АЗЗА” ТӨХК
  • “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
  • “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК
  • “Талын зам” ТӨХК
  • “Төв – АЗЗА” ТӨХК
  • “Увс –АЗЗА” ТӨХК
  • “Харгуй” ТӨХК
  • “Хархорин – АЗЗА” ТӨХК
  • “Ховд –АЗЗА” ТӨХК
  • “Хөвсгөл – АЗЗА” ТӨХК
  • “Эрдэнэсант – АЗЗА” ТӨХК

 

Мөн “Төрийн өмчит банкны хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төслөөр “Төрийн банк” ХХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшил 80 хувиас доошгүй байх бөгөөд нийт хувьцааны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар олон нийтэд нээлттэй арилжаалахаар тусгасан юм.

Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгон хувьцааг олон нийтэд нээлттэй худалдаалснаар эдгээр компаниудыг олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой байдал, ил тод байдлыг хангах, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах талаар хэлэхдээ: 

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно. Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтална. Харин жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэхээ илэрхийлье” гэсэн юм.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өнгөрсөн 4 дүгээр сард хэлэхдээ,  төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа сонгуулиар гарсан улс төрийн намын санал, үзэмжээр явагдаж ирснийг тодотгож, төрийн өмчит компаниудыг дөрөв ангилж, хэдэн хувь нь төрийн өмчид байх, хэрхэн ажиллах талаарх саналаа Засгийн газарт танилцуулна гэж байсан юм.

Мөн МХБ-ийн захирал Х.Алтай “Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компани. Гэхдээ хувьцаат компани болох ёстой. Энэ асуудал нэн тэргүүнд шийдэгдэх шаардлагатай. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын асуудлыг яриад өнгөрөх биш ажил хэрэг болгох хэрэгтэй” гэсэн юм.

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Төр хувийн хэвшлийн түншлэл нь Шинэ сэргэлтийн амин сүнс нь байх ёстой. Төр хатуу итгэл үнэмшилтэйгээр аж ахуйн үйл ажиллагаанаас татгалзчих, төрд байгаа 106 компанийн ихэнх нь алдагдалтай, цөөн хэдэн компанийнхаа орлогоор нийт алдагдлаа балансалдаг. Хувьчлах юм бол илүү ашигтай. Эцсийн дүндээ үр дүн, гарц чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, хувийн хэвшил тэлэх тусам татварын орлого нэмэгдэж, итгэлцэл бий болно” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.

Тодотгоход, 2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Тэгвэл энэ нийт ашгийн 1.1 их наяд нь Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум төгрөг нь Эрдэнэс-Тавантолгой компаниас олсон ашгаас бүрдсэн. Харин бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн тооцоолол бий. ТӨБЗГ-аас өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд одоогийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэж байв. Тэгвэл алдагдлын ихэнхийг "үйлдвэрлэгч" эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн жагсаалтын гадаа үлдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top