100 айлыг нүүлгэхийг иргэд "НҮДЭЭ ШИРГЭТЭЛ" ХҮЛЭЭЖ байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Явган хүний замыг хааж, овоолсон хаягдал хог. Гишгэх чөлөөгүй болтол зам дагуулж өрсөн барилгын материалууд... Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хаалгаар гараад угтсан дүр зураг ийм байв. 

Бараг л хотын төв хэсэг гэж хэлж болохуйц энэ газарт иргэдийг бухимдуулсан маш олон асуудал байна. 

Эмнэлгээс гараад 100 айлын барилгын материалын захын гудамжаар алхахад замын түгжрэлээс болж бухимдсан жолооч, худалдан авалт хийхээр нэг лангуу ороод ирэх хооронд машинаа ачуулсан залуу, ачаатай тэрэг түрж яваа 20 орчим насны залуу, барилгын материал ачсан жижиг оврын машины тэвшин дээр суусан хүүхдүүд, бууз, хуушуур зарж буй эмэгтэй, хүүхэдтэйгээ хамт машиндаа мах, ногоо зарж буй ээж гээд л маш олон зүйл нүдэнд тусаж байлаа. 
 


Нийслэлийн хойморт олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа энэ барилгын захын улмаас замын түгжрэл, орчны бохирдол үүсэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бодитойгоор зөрчигдөж байгаа юм. 

Үүнийг харуулсан хэд хэдэн судалгаа бий.

Тухайлбал, 100 айлын барилгын захын ойролцоох хоёр сургууль, цэцэрлэгт явдаг хүүхдүүдэд судалгаа явуулахад, хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ стандартаас өндөр хэмжээтэй гарсан нь орчны бохирдолтой шууд холбоотой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ талаар "100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг”-ийн ахлагч Ч.Гантулга одоогоос гурван жилийн өмнө хэлж ярьж байсан юм.

Харамсалтай нь, орчны бохирдол үүсгэж буй барилгын материалын зах одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар, энд ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх зөрчигдсөөр байна. 

ВИДЕО ҮЗЭХ
 

100 айл орчмын оршин суугчид болон энд ажиллаж буй иргэд, наймаачидтай уулзахад барилгын материалын захыг нүүлгэхийг "нүдээ ширгэтэл" хүлээж байгаагаа хэлж байлаа. 

 "ЯРИАД Л БАЙДАГ, ЯРИАД Л БАЙДАГ..."

Энэ бүсгүй 100 айл орчимд ажилладаг. Өглөө ажилдаа ирэх, орой тарах бүртээ барилгын материалын захаар алхаж өнгөрдөг байна. Тэрбээр "Гэрээсээ ажил руугаа алхаж ирэхээр энэ хэсэгт агаарын бохирдлоос эхлээд хүмүүсийнх нь байдал, орчны бохирдол гэх мэт зүйлс тэс өөр болдог. Түгжрэл ч нэмэгдэнэ. Замын хөдөлгөөний түгжрэл бууруулъя гэж бодож байгаа бол хотын зах руу нүүлгэх хэрэгтэй. Яг үнэндээ яриад л байдаг, ярихаас цааш байдаггүй шүү дээ" хэмээн ярилаа. 

"ДОРВИТОЙ ШИЙДВЭР ГАРГААД, ХӨДӨЛБӨЛ БИДЭНД НҮҮХ БОДОЛ БАЙГАА"

-Энэ залуу 100 айлын барилгын материалын захад 20 гаруй жил худалдаа эрхэлж байгаа аж. Тэрбээр дорвитой шийдвэр гаргавал худалдаа эрхлэгч нарт нүүх бодол байгаа талаар хэлж байсан юм. Ингэхдээ "Манай захыг нүүлгэх талаар 2016 оноос хойш л ярьж байна. Одоог хүртэл нүүлгэж чадаагүй л байна. Бүр дөрвөн ч даргын нүүр үзлээ. Бүгд л амьдрах гээд ажиллаж байна. Цогцоор нь нүүлгэх шийдвэр гаргаад хөдөлбөл манай худалдаа эрхлэгч нарт нүүх бодол байгаа. Бүгд л эрүүл аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байна шүү дээ" гэлээ. 

"ХАЯГДАЛ МАТЕРИАЛ ШАТААЖ БАЙГАА УТААНД ХОРДОЖ БАЙНА"

Барилгын захын ойролцоо оршин суудаг иргэн ажилдаа явах, ирэхэд ямар хүндрэл тулгарч байгаа талаар ийн ярив.

Тэрбээр "Энэ их тоос шороог хардаа. Өдөр бүр ийм газраар алхах маш хэцүү байдаг. Энгийн жишээ гэхэд л хоёр алхмын цаана худалдаа эрхлэгчид хогийн цэг үүсгэчихсэн байгаа. Тэд тарахдаа хогоо хаядаг. Орой харихад овоолсон их хог болчихсон байдаг юм. Алхахад үнэхээр хэцүү. Машинтай явахад ч хэцүү.

Зогсоол дээр машинууд лангууны эздийн машин. Худалдаа хийхээр ирсэн хүн машинаа тавих ямар ч боломж байхгүй. Зогсоолгүй газар машинаа тавина. Тэгээд л маргаан болдог.

Бас өвөл болохоор худалдаа эрхлэгчид нь барилгын хаягдал материалаа шатаадаг. Тэр үед нь муухай үнэртээд, орчны бохирдол бүр ч их нэмэгддэг.

Төмрөө тасална, шилээ зүснэ. Бараг л хөл гар руу шидчих гээд байгаа юм. Хотын төв бүсийн гудамжинд ингэж барилгын материал зарах хэцүү байна.

Нүүлгэнэ гээд маш олон жил ярьж байгаа шүү дээ. Гэтэл одоог хүртэл нүүлгээгүй. Тоосжилт, хаягдлаа шатааж байгаа утаа, шил, төмөр зүсэж байгаа нь надад маш их хортой. Нүүлгэхийг нь хүлээсээр л байна" гэсэн юм. 

Энэ мэт 100 айлын барилгын материалын захыг нүүлгэхийг "нүдээ ширгэтэл" хүлээж байгаа иргэд олон байна. 

Эргэн сануулахад, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны нэгдүгээр сарын 24-ний хурлаар "100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулах" тогтоол гарч, тус захыг Налайх дүүрэг рүү гурван үе шаттайгаар нүүлгэхээр шийдвэрлэж байлаа.  

1 ДҮГЭЭР ҮЕ ШАТ:

  • УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон. хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажпыг судлах,
  • Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

2 ДУГААР ҮЕ ШАТ:

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт. гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

3 ДУГААР ҮЕ ШАТ:

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах. 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 07 сарын 01

ard ny dandaa luuxaanuud baidag gazar

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 07 сарын 01

umxii xamxai duursen buzar gazar xotynxoo tobd uum xog hobshtoi yls er ny bauna uu? Tor baibal Tomor nuuree uzuul

0  |  0
зочин(66.181.182.35) 2022 оны 07 сарын 01

Төр төмөр нүүрээ гаргаачээ, нэг авгай миний ард таван хүүхэд байгаа гэхээр л хоёр гараа өргөөд дээшээ хараад хэвтчтхдэг төр гэж байх уу?

0  |  0
овид(66.181.188.179) 2022 оны 07 сарын 01

Зогсоол байхгүй газар шиг муухай юм одоо байхгүй. 100 айл яг тийм, зогсоол байхгүй, өөр газраас тааваараа машинаараа очоод юмаа аваад ачаад явсан нь нь дээр

0  |  0
ХУРДАН НҮҮЛГЭХ (59.153.114.252) 2022 оны 07 сарын 01

ХОТЫН ТӨВДӨӨ ИЙМ АЙМШИГТАЙ БОХИР ЗАВААН ГАЗАРТАЙ БАЙДАГ ХОТ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ БАЙХ.... ХУРДАН НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Top