Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэр Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийн захидлыг дамжуулан өгчээ. Жоко Видодо Москвад айлчлахаас өмнө Киевт Владимир Зеленскийтэй уулзсан юм. Видодо Украинд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Киевт айлчилсан анхны Азийн төрийн тэргүүн болов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков захидалд юун тухай өгүүлснийг одоогоор мэдэхгүй гэжээ.
Владимир Путин Индонез, тэр дундаа Жоко Видодогийн “Их 20” бүлгийн дээд хэмжээг зохион байгуулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. АНУ тэргүүтэй холбоотнууд Оросыг “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахгүйн үүднээс тус бүлгийг энэ жил даргалж буй Индонезод дарамт, шахалт үзүүлэхийг оролдсон. Индонезийн эрх баригчид “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт эдийн засгийн асуудлыг хэлэлцдэг тул улс төрийн нөлөө оруулахгүй тулд чармайж байна. Индонезийн эрх баригчид ОХУ, Украиныг ирэх арваннэгдүгэр сард Балид болох тус уулзалтад урьжээ.
Уулзалтын үеэр Владимир Путин ОХУ, Индонез улс нь маш сайн харилцаатай бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа бүхий л салбарт хөгжиж байна гэв. Өнгөрсөн онд тус хоёр улсын худалдааны эргэлт 42 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )