Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг 65.8%-тай гэж дүгнэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулиар баталсан Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 3 их наяд 881.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1101 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийснийг  Ерөнхий аудитор  Д.Занданбат танилцууллаа.

Аудитаар улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэлийг 65.8 хувьтай дүгнэжээ.  Үүний 7.5 хувь буюу 83 төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу, 10.8 хувь буюу 119 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй байна.

Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан, үр ашиггүй зардал гарсан нь төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, төсөвлөлтийн шаардлага бүрэн хангаагүй зарим төсөл, арга хэмжээг батлуулж санхүүжүүлсэн нь нөлөөлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байгаа нь төсөв, санхүүгийн  хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүй сул байгаагаас хамаарч байгааг анхаарах шаардлагатай байна гэж байлаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 57 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 7032 санхүүгийн тайланг нэгтгэсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар зөрчилгүй 43, хязгаарлалттай 14-н дүгнэлт өгсөн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдаад аудитаар, Улсын Их Хуралд 7 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 15 , Сангийн сайдад 13, Эдийн засгийн хөгжлийн болон Барилга, хот байгуулалтын сайдад тус бүр 1, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 5 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасныг  онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top