Өнөөдрөөс "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн шуудай цементийг 15,000 төгрөгөөр худалдаалж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

"Хөтөлийн цемент шохой" ТӨХК-аас шуудай цементийн үнийг бууруулж, Улаанбаатарт 15,000 төгрөг, орон нутагт 14,000 төгрөгөөр худалдаалж эхэллээ.

Тодруулбал, Манай улсад цементийн хомсдол үүсэж, нэг шуудай нь 25,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Тэгвэл гурван сарын өмнө төрийн өмчид шилжүүлсэн "Хөтөлийн цемент шохой" компани үнийн өсөлтийн эсрэг аян зарлаж, өнөөдрөөс эхлэн нэг шуудай цементийг 15,000 төгрөгөөр худалдаалахаар боллоо. 

Өнөөдрийн тухайд барилгын материалын 44-р захад эхний 8 вагон цементийг нийлүүлж, шуудайг нь 15,000 төгрөгөөр борлуулж эхэлж байгаа юм. Маргаашнаас Амгалан болон Толгой захуудад нийлүүлэх аж. 

Мөн Дархан, Эрдэнэт, Сэлэнгэд нэг шуудайг 14,000 төгрөгөөр худалдаалах бөгөөд маргааш Дарханд, энэ сарын 6-нд Сэлэнгэд, 7-нд Эрдэнэтэд худалдаалж эхэлнэ.

Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар "Цементийн хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт айл өрхүүдэд маш их дарамт болж байна. Өнөөдөр ууттай цементийн үнэ 25 мянган төгрөгт хүрсэн байна. Нэг тоннд цемент 20 уут болдог гэж бодоход тонн нь 500 мянган төгрөгт хүрсэн байна. Айл өрхүүд нэг тонн цементийг 500 мянган төгрөгөөр аваад байшин барина гэдэг маш хүндрэлтэй. Тиймээс бид үнийн цохилт өгч, бууруулж байна.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гурван тээрэм нэг дор ажиллаж эхэлсэн. Өчигдөр манай компанийн хувьд түүхэн дээд амжилт эвдсэн үйлдвэрлэл хийлээ. Хоногт 3695 тонн цемент үйлдвэрлэж,  үйл ажиллагаа явуулж буй 39 жилийн түүхэнд хамгийн дээд рекордыг тогтоолоо. Ийнхүү үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас бүтээгдэхүүний үнэд интервенци хийж эхэлж байгаа.

Одоо 25,000 төгрөг хүрээд байгаа ууттай цементийн үнийг өөрийн гэрээт борлуулагчаар дамжуулан 15,000 төгрөг болгож тогтоож байна. Хөтөлийн үйлдвэр дээрээ шуудай цемент 11,925 төгрөгөөр үйлдвэрлэгдэж гардаг. Улаанбаатар хот руу тээвэрлэж, оруулж ирэх зардал буюу ачиж, буулгах зардлыг нэмээд, үйлдвэрийнх нь үнээр хэрэглэгчдэд хүргэж байна гэсэн үг.  

Шуудай цементийг 15,000 төгрөгөөр худалдаалах ажлыг тодорхой хяналттай зохион байгуулна. Манай Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар 44-р зах  болон Толгойт, Амгалан гэх мэт барилгын материалын гол захуудад үнийн хяналт тавина. Хэрэв манай гэрээт борлуулагч шуудай цементийг 15,000 төгрөгөөс илүү үнээр дамлаж зарвал тухайн борлуулагчид торгууль тавьж, гэрээгээ цуцална. 

Өнөөдрийн байдлаар манай үйлдвэрт 6000 тонн цементийн нөөц байна. Өдөрт 3000 тонн цемент үйлдвэрлэж байгаа. Манай нөөцийн хэмжээ нэмэгдэж байгаа" гэлээ. 

НЭГ ӨРХӨД ДОЛОО ХОНОГТ 5 ХҮРТЭЛХ ТОНН ЦЕМЕНТ ОЛГОНО

Шуудайтай цементийг иргэд өрхийн хэмжээнд байшин барих, засвар хийх зорилгоор авдаг. Ингэхдээ 1-2 тонныг авдаг аж. Харин "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-аас нэг өрхөд долоо хоногт 5 хүртэлх тонн шуудаатай цемент олгох талаар мэдэгдлээ. Ингэхдээ тэрбээр "Хоногт 1000 тонноос доошгүй буюу 16 вагон цементийг 44, Амгалан, Толгойт гэх мэт захуудад тарааж, жижиглэнгээр нь өрхүүдэд борлуулна. Ингэхдээ яг байшин, барилга барьж байгаа өрхүүдэд долоо хоногт таван тонныг нийлүүлэхээр зохицуулж байгаа. Үүний шалтгаан нь барилгын ажлын явцтай нь уяж байгаа юм.

Өрхийн хэмжээнд барилга барьж байгаа иргэд 1,2 тонноор нь ирээд авдаг юм байна. Бид бол 5 тонныг өгөх боломж олгож байгаа. Гэхдээ та 7 хоногийн дараа барилгын ажлынхаа үйл явцыг ахиулчхаад ирээрээ гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. 

"ҮЙЛДВЭРЭЭС ШАЛТГААЛАХГҮЙ, ТЭЭВРИЙН АСУУДАЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА"

Мөн тэрбээр "Үнэнийг хэлэхэд тээвэрлэлтийн маш хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Өнөөдөр авч ирсэн найман вагон цементийг гурав хоног хүлээж байж авлаа. 12 вагон ирэх ёстойгоос дөрөв нь тасраад Хөтөлд үлдсэн.  Бид үүний учрыг олохгүй байна. Хэрвээ тээвэр логистикийн асуудлыг зохицуулж чадахгүй, хоногт 16 тонн цементээ авч чадахгүй бол тасраад байвал бидний төлөвлөсөн зорилт биеллээ олж чадахгүй. 

Хил гаалийн гацаатай холбоотой Монголд цемент үйлдвэрлэж байгаа компаниудад шуудайны тасалдал үүссэн. Бид үүн дээр зохион байгуулалт хийж, 3 сая шуудайг захиалж авсан. Манай шуудайны нөөц он дуустал хангалттай болчихсон байгаа гэсэн үг.

Дархан, Эрдэнэт, Сэлэнгэд бид ууттай цементийг 14,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр борлуулж эхэлнэ. Дарханд маргаашнаас, Сэлэнгэд энэ сарын 6-нд, Эрдэнэтэд 7-нд нийлүүлнэ" гэсэн юм.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top