Атлантын нуруу тэнийв. Орос гаралтай нэрт зохиолч Айн Рэндийн ижил нэрт зохиол нийтийн хүртээл болсноосоо хойш мэтгэлцээн дагуулсаар, хамгийн гол нь одоог хүртэл оршсоор байна.
“Дэлхийг хөдөлгөж байдаг энгийн иргэд ажил хаячихвал юу болох вэ” гэдэг асуулт бол уг бүтээлийн жанжин шугам, ноён нуруу. Цагаа олсон философийн асуултаар зангилаагаа зангидсан энэ зохиол өнөө хэр нь хуучраагүй байна. Гэхдээ одоо бидний өгүүлэх сэдэв үүнээс үл ялиг өөр. Хүчний тэнцвэрийг хадгалж, гал улаан өнгийг ноцоохгүй байх үндсэн зорилготой Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО энэ жил гурван удаа хуралдав.
Үзэл суртлаар хоёр хуваагдсан “хүйтэн” гэж тодотгодог “халуун” дайны үед ч энэ байгууллага нэг жилд ийм олон удаа хуралдаж байсангүй. Сүүлийн хурал нь зургаадугаар сарын сүүлээр, өнгөрсөн долоо хоногийн дундуур Испанийн нийслэлд болж, ОХУ-ыг дайсан гэж тодотгоод, цэрэг, зэвсэглэлийн хүчээ эрс нэмэгдүүлж, АНУ-ын оролцоотойгоор байнгын ажиллагаатай баазуудын тоог нэмэхээр боллоо. Хамгийн гол нь зүүн европыг Оросын түрэмгийллээс хамгаалах зорилготой НАТО одоо Хятадуудыг Азид нөлөөгөө тогтоохоос сэргийлэх “үүрэгтэй” болсон. Зорилго нь хэдийнээ зурсан шугамаа давчихсан гэж тодорхойлж болохоор...
ЗУРАГ НЬ ӨӨРЧЛӨГДСӨН АТЛАНТ
Испанийн нийслэл Мадрид хот. НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт. 2022 оны зургаадугаар сарын 29-30. Энэ бол дэлхийн түүхийн хуудсанд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал учраас албан тоот шиг тодотгоод байгаа юм. НАТО-гийн гишүүд он гарсаар гурав дахь удаагаа уулзсан нь энэ. Уулзалтаар эргэлтийн цэг байж болохуйц дөрвөн шийдвэр гаргасан билээ. Эхнийг ОХУ-ыг стратегийн түнш гэж үзэхээ болиод “дайсагнагч орон” гэж тодорхойлсон явдал. Хүйтэн дайн “эцэс” болсны дараа 1990 оны Лондоны уулзалтаар шинэ Оросыг стратегийн түнш гэж тодорхойлсноос хойш 33-ны мөчлөг дээрээ ийнхүү НАТО оросоос “нүүр буруулав”. Шалтгаан нь Оросууд зэвсэглэлээр хөөцөлдөж, эзлэн түрэмгийлэх хандлагатай болсон учраас гэж тодорхойлдог. Удаах шийдвэр нь шинэ гишүүн орнуудын асуудал.
Түүхэндээ төвийг сахих байр сууриа сахиад хоёр зууныг үзсэн Швед, хугас зууныг туулсан Финланд улсууд НАТО-гийн туурганд нэгдэнэ. Үүнийг нь гишүүн орнууд тодорхойлоод нэр дэвшигчийн статус олгов. Атлантын нурууг “анхлан зурсан” Америк, Франц, Британийн улс төрчид хожим хойно ингэж өөрчлөгдөнө гэж санаагүй байх. Турк улс гишүүнээр элсэх санаачилгад хориг тавиад байсан ч уулзалтын эхэнд гэнэтхэн хүлээн зөвшөөрөх болов.
Дараагийн шийдвэр нь Оросыг “дайсагнагч орон” гэж тодорхойлсон тул Европ тив дайны эрсдэлтэй бүс нутаг гэж үзэн байршуулах цэрэг зэвсэглэлийн тоогоо “Хүйтэн дайн”-аас хойш анх удаагаа нэмлээ. НАТО-гийн дорно хэсэгт байрлах цэргүүдийн тоо 300 мянга болж хүйтэн дайнаас хойш анх удаагаа найм дахин нэмэгдлээ. Үүнийг АНУ алга ташин хүлээн авч АНУ-ын хувьд хүйтэн дайны үеэс хойш НАТО-гийн дорно хэсэгт цэрэг байршуулж байгаагүй юм. АНУ-ын хувьд дорно хэсэгт байлдааны бөмбөгдөгч онгоц, хөлөг онгоц, байнгын ажиллагаатай цэргүүдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Энэ шийдвэрийн хүрээнд Румын улсад байнгын ажиллагаатай цэргийн анги байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Польшид байршиж буй цэргийн тоог нэмэгдүүлэхээс гадна, V корпусын байнгын штаб, Армийн гарризон, хээрийн батальон байгуулахаар төлөвлөжээ. АНУ 2017 онд Польшийн нутагт хуягт бригад, нисэх бригад байршуулсан юм. Испанийн Рота хотод мөн адил цэрэг байршуулах бөгөөд Газар дундын тэнгист эргүүлэх хийх чадавхийг нэмэгдүүлэхийн тулд байлдааны зургаан хөлөг онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах системийн хамт байгуулахаар болжээ. Сүүлийн шийдвэр нь БНХАУ-ыг “өрсөлдөгч” гэж үзсэн явдал байлаа.
Дорно Европыг улаан болгочихгүй ганцхан зорилготой байгуулсан НАТО аль хэдийнээ анх зурсан зургаа даваад эхэлчихсэн гэсэн үг. Нэг ёсондоо Хятадууд эдийн засгийн багтаамж, батлан хамгаалах чадамжаараа НАТО-гийн гишүүн орнуудад шууд нөлөөллөө тусгаад эхэлснийг дээрх шийдвэр батална. Хятадын санаачилсан “Бүс ба зам” санаачилга зөөлөн хүчний бодлогоор НАТО-гийн үзэл санаатай зөрчилдөөд эхэлсэн учраас “Энэтхэг-Номхон далайн” номлолоо ийнхүү өөрчлөхөөр болжээ. Нэг ёсондоо АНУ-ын засаг захиргаанаас тодорхойлсон Энэтхэг-Номхон далайн гадаад бодлоготой уялдуулна гэж ойлгож болохоор байна.
АТЛАНТЫН АТИРАА
Их Британи төдийгүй дэлхийн суут улстөрч, яхир өвгөн Черчиллийн амнаас гарсан “Төмөр хөшиг” өнөөгийн НАТО-г нээж орхисон түүхтэй. Британи өвгөн Америкт ирээд Фултон хотын их сургуулийн индэр дээрээс шинэ тив, буурал тивийн хамт үзэл суртлаараа хоёр хуваагдсаныг ийнхүү егөөджээ. Ийнхүү Британи өвгөний үгийг өргөж аваад, Атлантын далайн хоёр эргийг үзэл суртлын хувьд нэгтгээд цэргийн “энхийн” эвсэл байгуулахаар болсон нь АНУ. Тухайн үеийн Ерөнхийлөгч Харри Труман системээ аврах, үнэт зүйлээ хадгалах бодлого боловсруулсан нь “Труманы номлол” байлаа.
Дайны утаа сарниад удаагүй байсан тул Их Британи, Бельги, Нидерланд тэргүүтэй баруун европын улс орнууд 1948 онд улсаа хамгаалах, болзошгүй дайн самуунаас хамгаалах зорилготой “Брюсселлийн тунхгийг ч батлаад байва. Цаг хугацааны сайхан давхцал бий болов. Төд удалгүй буюу 1949 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр ЗХУ-ын болзошгүй дайралт, аюул заналхийллээс хамгаалах зорилготой Умард Атлантын цэргийн эвсэл албан ёсоор байгуулагдсан юм.
АТЛАНТЫН “ЗОВЛОН”
Дайны дараа хэн нэгэнд нөлөөгөө алдахыг хүсээгүй АНУ, дахин дайны хөлд сүйдэхийг хүсээгүй баруун европын хүсэл НАТО-г төрүүлсэн. Гэхдээ хувь заяаны шоглоомоор Атлантын зовлон үүгээр дуусаагүй юм. Нөгөө системийн улсууд нь эвсэн нэгдээд хоёр шатлалт командлал байгуулаад байхад социалист лагерийн улсууд зүгээр байхгүй нь ойлгомжтой. ЗХУ тэргүүтэй социалист системийн улс гүрнүүд 1955 оны тавдугаар сарын 14-ний өдөр Варшавын гэрээг батлав. НАТО-той ижил ч эсрэг дүр нь болсон энэ байгууллага капиталист орнуудын болзошгүй халдлагаас хамгаалах зорилготой байлаа
Хамгийн гол нь ЗХУ-ын системд багтдаг улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдалд ямар нэгэн байдлаар халдсан тохиолдолд гишүүн орнууд нэгдэн эрх ашгаа хамгаална гэдгийг хатуу дурдсанаараа л ялгарч байсан юм. Байдал нэгэнт өөрөөр эргэчихсэн учраас НАТО-гийн гишүүн орнууд зэвсэглэл төвлөрүүлж, цэргүүдээ хамгаалах зорилгоор нэгдсэн хээрийн сургууль зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн 1966 оноос цэргийн сургууль зохион байгуулдаг болсон билээ.
АТЛАНТЫН НУРУУ...!?
Хоёр талд системээ хадгалж үлдэх дэндүү том амбиц байсан учраас Социалист лагер ч, АНУ тэргүүтэй капиталист системийн орнууд ч цэрэг зэвсгээ төвлөрүүлж, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн. Болохгүй тоглоомоороо тоглож байсан учраас гишүүн орнуудын нэгдмэл байдлыг алдагдуулахгүй байх үүднээс “давхар түлхүүрийн систем” гэгчийг бий болгосон юм.
Энэ нь АНУ болон Франц зэрэг улсууд болзошгүй аюул заналхийллээс цөмийн зэвсэг ашиглан эрх ашгаа хамгаалах, АНУ болон гишүүн орнуудад хориглоогүй бол дипломат ажиллагаа эсхүл бусад зэвсэглэл ашиглан хамгаалах зэргийг давхар зааж өгчээ. Одоо ч энэ номлолоор явсаар байгаа. Энэ хооронд НАТО-г, Оросыг ч сорих олон үйл явдал болсон. Берлиний ханыг өрж эхэлсэн 1961 онд, ЗХУ-ын арми Афганистаныг эзлэн түрэмгийлсэн 1979 он, Британи улс Фолклэндийн арлыг түрэмгийлсэн 1982 он, төмөр хөшиг татсан социалист лагер задарсан 1989 он, тэгээд...
...ТЭНИЙСЭНГҮЙ!!
Энэ бүгдийн дараа юу болсныг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Нэгэнт социалист лагерь задран унаад байхад НАТО яг хэнтэй, юутай тэмцэнэ гэж. Яг энэ асуулт бууриа сахиад үлдсэн Орос оронд ч, социализмаас өрх тусгаарласан бусад улсуудад ч бий болсон юм. Үнэндээ АНУ-д ч, Их Британид ч, ер НАТО-гийн гишүүн орнуудад энэ асуулд урган гарч ирсэн нь лавтай. 1990 оноос хойш 2008 он хүртэл НАТО-гийн хурал даруухан болдог байлаа. Зүүн Европын хэд, хэдэн улсад өрнөсөн өнгөт хувьсгалын үйл явц, цаашлаад 2014 онд Крымийг булаан эзэлсэн явдал зураглалыг эрс өөрчилсөн юм. Одоо ч энэ зураглал өөрчлөгдөхгүй явсаар өнөөтэй тулж ирлээ. НАТО-г Их Британи тодорхойлоод АНУ “зурсан”. Өнөөдөр нэн шинэ нөхцөл байдалд НАТО-гийн зураглалыг АНУ өөрчлөн зурж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )