БНСУ-д амьдардаг Идэрээ, Ука нар “Хайрын хот”-той танилцах аялал хийв

2022 оны 08 сарын 02

“Кorean life ideree&uka” блог хөтлөгч  Б.Уран-Эрдэнэ, Н.Идэрмөнх нар бямба гарагт Хөшигийн хөндийд хөл тавив.  Өмнөд Солонгосоос “Эрхэт Монгол” группын бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцахаар ирсэн  хосууд бяцхан хүүгийн хамт ирсэн байлаа. Тэдэнтэй онгоцны буудалд түр саатах зуураа  яриа өрнүүлсэн юм.


-Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?

Б.Уран-Эрдэнэ : Намайг Б.Уран-Эрдэнэ, харин нөхрийг маань  Н.Идэрмөнх гэдэг.  Бид  БНСУ-д 12 жил амьдарсан.  Суралцаад, ажиллаад, хүүхэд төрүүлээд, гэр бүлийн амьдралаа өрнүүлээд явж байгаа залуу хосууд байна. Миний хувьд  таван жилийн дараа эх орондоо ирлээ. Ковидоос болоод маш удаан ирж чадаагүй, таван жилийн дараа ирсэн чинь сэтгэл хөдөлж байна.

-Солонгост яаж амьдардаг байв, Солонгос дахь монголчуудын нөхцөл байдал ямархуу байгаа вэ?

Н.Идэрмөнх: -Солонгост амьдарч байгаа монголчууд маань өдөр, шөнөгүй цаг наргүй ажилладаг. Үүрийн таван жингээр босч, үдэш орой болтол ажилладаг. Бид  ч гэсэн монголчуудынхаа адилаар ажиллаж амьдраад,  сургуульд нь сурч боловсроод явж байна.

Б.Уран-Эрдэнэ: -Бид гэр бүлээрээ амьдарч байгаа ч хүний нутагт байгаа болохоор хүүхэдтэй гээд ажил хийхгүй, гэртээ суух  боломжгүй. Бүгд адилхан өглөө гараад, орой ирдэг. Солонгост амьдарч байгаа монголчууд маань бүгд л тиймэрхүү байдаг. Оюутнууд маань давхар ажиллана. Хэдийгээр эх орноо санаж  байгаа ч хүний нутагт ч  өөрийн гэсэн хүрээллээ бий болгоод амьдардаг. Ер нь манай монголчууд хаа явсан газраа мундаг, нэр хүндтэй байдаг даа. Бүгдийг хийж,  манлайлж чаддаг.  Солонгост байгаа монголчууд нь сайн сууж байгаа шүү.

-Та хоёр маань Солонгост блог хөтөлдөг шүү дээ. Өөр юу хийдэг вэ?

Н.Идэрмөнх: -Бид хоёр 2014 оноос хойш янз бүрийн үйл ажиллагаа  зохион байгуулж ирсэн. Монголчуудын дунд “Монгол дууны уралдаан”,  эмчилгээ хийлгэхээр Солонгост очсон хүүхдүүдэд зориулж, хандивын тоглолт, шинэ жилийн арга хэмжээнүүд хийдэг.  Хүүхдийн нэг насны ой, 100 хоног, төрсөн өдөр гээд янз янзын арга хэмжээнд оролцдог. Дээр нь Солонгост байгаа монголчууддаа зориулж  блог хөтөлдөг.  Тэнд амьдарч буй монголчуудынхаа аж амьдралыг харуулах зорилготой блог хөтөлж  эхлээд багагүй цаг хугацаа өнгөрчээ. Цаашдаа ч илүү гоё сонирхолтой контент хийнэ.

Б.Уран-Эрдэнэ: -“Солонгос бол Монголын 22 дахь аймаг шиг байдаг” гэж монголчууд маань ярьдаг шүү дээ. Тэнд  хүрээллээ бий болгож, монголчуудынхаа баяр жаргалыг хуваалцаж байгаадаа баяртай байдаг. Тэнд байгаа монголчууд маань тодорхой хэмжээнд таньдаг урлагийн гэр бүл болчихоод байгаа юм.

-Саяхан Солонгост байгаа монголчууд наадмаа тэмдэглэсэн гэсэн.  Хэр сайхан наадав. Наадмын сонин хачнаас дуулгаач?

Н.Идэрмөнх: -Солонгос дахь монголчуудын наадам жилийн жилд өргөн дэлгэр болдог.  Монголчууд бид хүний нутагт наадмаараа л цугларч, Монгол соёлоороо бахархаж, монгол хүн болсондоо баярладаг.  Бөх барилдаад айраг ууж, хуушуураа идээд сайхан нааддаг.

Б.Уран-Эрдэнэ: -Монголчууд маань Солонгосын бүх хотуудаас цугладаг. БНСУ-д суугаа  Элчин сайд  монголчуудынхаа наадамд зочилж ирж, баярын мэндчилгээ дэвшүүлж, зарим УИХ-ын гишүүд, солонгос хүмүүс ч ирж баяр хүргэсэн.  Наадам Солонгост монголчуудын хамгийн том цугларалт болдог. Энд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд асарт сууж, монголчууддаа ажлаа  танилцуулдаг. Энэ наадмын үеэр “Эрхэт Монгол” группынхэнтэй анх танилцаж байлаа. Үнийн саналуудыг нь сонсоход боломжийн санагдсан юм.   Бидний нөхцөлд тохируулсан өвөрмөц онцлогтой шийдлүүд санал болгосон. Тэр бүхэн нь хүмүүсийн анхаарлыг үнэхээр их татсан.  Урьдчилгаагүй, хүүгүй лизингээр байр авах боломжтой гэхээр эх орондоо орон гэртэй болохыг бүгд л хүсч байгаа.

Н.Идэрмөнх:   -Таатай нөхцлөөр байртай болох боломжтой гэхээр маш олон хүн сонирхож ирсэн байна лээ. Бодит байдал дээр ажил яаж өрнөж байгаатай танилцахаар бид Солонгосоос зориод ирлээ хэмээн хуучилсан юм.

 

Р.НАРАНБАЯР: ХҮН ТӨВТЭЙ,  БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ,  ХӨГЖЛИЙГ УГТСАН БАЙРШИЛТАЙ

 

Хөшигтийн хөндийгөөс  унаанд суусан хосууд маань холгүй орших “Хайрын хот”-оор аялав. “Хайрын хот” Хөшигийн хөндийг түшиглэсэн шинэ суурьшлын бүсэд, Нисэхийн аюулгүйн тойргоос есөн км зайд, Өлзийт хороолол руу эргэх замын дэргэд байрлалтай юм билээ. Хосууд ажил хэрэгч хүмүүс ажээ. “Хайрын хотод” ирмэгцээ л “лайв” хийж эхэлсэн.  Амралтын өдөр  байсан ч  “Эрхэт Монгол” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р. Наранбаяр алсаас ирсэн зочдоо угтан авч, төслөө танилцууллаа.


“Эрхэт монгол” групп дөрөвдүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 14-р хороонд “Хайрын хот” төсөл эхлүүлсэн. 55 га газар 2224 айлын хаус хороолол барихаар ажиллаж байна.  Нэгдүгээр ээлжинд 28 айлтай мульти хаусны 12 блок, сингл хаус, твин хаус, таун хаус гэх зэргээр степп, нордик загварын хауснууд төлөвлөсөн.  Бид зам, тохижилтын ажлыг зэрэг хийж байна.  Хайрын хотод дөрвөн хүчтэний хөшөөтэй талбай байгуулагдах юм. Эхнийх нь “Хангарьд” хөшөө хэмээн тайлбарлав.  Зочдыг  тэрбээр  нордик загварын сингл хаусны загварын байртай  танилцуулсан юм.   Талбайн хэмжээ нь 161 м кв. Энэ сингл хаусанд байхгүй юмгүй.  Мастер унтлагын өрөөтэй, хоёр ч том террастай, дулаан гаражтай.  Өөрийн гэсэн эдлэн газартай.  Дулааны хэмнэлттэй, минималист хэв загвараар барьж байгаа. Хоёрдугаар давхарт гэр бүл найз нөхдөөрөө цуглах уужуухан террастай” хэмээн ярив. Лайв үзэгчид үнэ ханш сонирхож байлаа.

  “Хаус ангиллаасаа хамаараад метр кв нь  харилцан адилгүй үнэтэй. Мульти хаус метр кв нь 3 сая 500 мянган  төгрөгийн үндсэн үнэтэй байхад,  хоёр сая 450 мянгаас эхлэн  урьдчилсан захиалга авч байгаа юм.  Нордик загварын хаусны  үндсэн үнэ нь 4 сая 400 мянгаас  5 сая 800 мянган төгрөгийн хооронд байгаа. Урьдчилан захиалсан тохиолдолд 3 сая 890 мянган төгрөгөөр урьдчилан захиалах боломжтой гэлээ.

Лайв үзэж байсан иргэдээс “Дэд бүтэц хэзээ тавигдах вэ” гэсэн асуулт ирлээ.  Р.Наранбаяр  “Манай хотхоны онцлог гурван шинж бий. Хүн төвтэй,  байгальд ээлтэй,  хөгжлийг угтсан байршилтай. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ хэсэгт олон инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц төлөвлөгдсөн.  “Хайрын хот” төслийг эхлүүлсэнээр энэ бүтээн байгуулалтыг урагшлуулж байгаа гэсэн үг.  Морингийн даваан дахь цэвэрлэх байгууламж манай эндээс 6,8 км-т бий.  Энэ цэвэрлэх байгууламж руу бохироо нийлүүлнэ.  Хотхон руу цахилгааны шугам орж ирнэ. Гүний худаг гаргаж байна.  Халаалтыг дулааны дэд станц байгуулах замаар шийднэ.  40 мегаваттын дулааны дэд станц тавигдахаар байна.  Хотхоны айлуудад бүгдэд шугам сүлжээ очно.

 “Эрхэт монгол” групп  хотын гадна цоо шинэ суурьшлын бүсийг  цогцоор нь байгуулж байгаа юм. Тэр бол маш өндөр зардалтай. Жишээлбэл Сэлбэ дэх “Гранд маршал” хотхоны дэд бүтцийн зардал 20 тэрбумаар хэмжигдэнэ.  Хотын төвд бол ийм хэмжээний мөнгө гарахгүй. Хотын төвд орчин байхгүй, хүнээ бодсон төлөвлөлт хийх боломжгүй учраас бид үүнээс татгалзсан. Хайрын хот  хотын төвөөс 24 км-т байрладаг.  Гранд маршал бол 19 км-т байдаг” хэмээн тайлбарлав.    

 

“ХАЙР ШИНГЭСЭН ХОТХОН  БОСОХ ЮМ БАЙНА”

 

“Хайрын хотхон”-оор аяласан хосуудын сэтгэгдлийг сонирхлоо.

 Б.Уран-Эрдэнэ: -Анх  “Хайрын хот” гэдэг нэрийг сонсоход өвөрмөц санагдсан. Бага насны хүүхэдтэй залуу хосууд учраас  их сонирхож, юу юу байгаа учраас ингэж нэрлэснийг судалж эхэлсэн. Нөхөр маань хотод амьдрахыг хүсдэггүй. Монголдоо очихоороо хоёулаа хотоос зайдуу амьдарна гэж ярьдаг байсан. Тийм болохоор “Хайрын хот” илүү их сэтгэл татсан. Хауснууд нь шавааралдсан биш, хангалттай зай талбайтай юм. 

Н.Идэрмөнх: -Миний хувьд ирээд мэдээлэл сонсоход хүнээ бодсон, гэр бүлээрээ зугаалах, салхилах орчинтой, дээр нь хотхоны орчинд 200 мянган мод суулгана гэхээр ногоон орчинд амьдрах боломжтой юм билээ. Энэ бүхэн цогцоороо хайр шингэсэн хотхон юм билээ. Хөгжлийг угтсан байршилтай гэдэг ч таалагдаж байгаа. 

 -Хүүхэдтэй ээж хүний хувьд ямар шалгуураар харсан бэ?

Б.Уран-Эрдэнэ: -Улсын сургууль, цэцэрлэгтэй байна гэдэг маш гоё санагдсан. Би эвент менежер мэргэжлээр суралцаж байгаа. Эвент холлтой, үйлчилгээний төвтэй, кино театртай, зочид буудалтай гэхээр жуулчдын  төвлөрсөн бүс болох боломжтой юм байна. Хүүхдээ агаар салхинд гаргах гэж хол явах шаардлагагүй “Хайрын хот” дотроо зугаалж, ажиллаж амьдарч, хүнсээ цуглуулах боломжтой нь маш том давуу тал гэж  бодож байна гэлээ.

Тэрбээр  “Хайрын хот” төсөлтэй  танилцсаныхаа дараа  “Миний үр ирээдүйд амьдрах орчинтойгоо танилцаад, зөндөө  олон юм асууж байна. Таван жилийн дараа эх орондоо ирсэн хүү маань хамгийн түрүүнд л “Морь унамаар байна” гэнэ шүү хэмээн пост хийсэн байлаа.

Д.БОЛОРМАА : БИД СОЛОНГОСЫН НАЙМАН ХОТОД ХҮРЧ АЖИЛЛАСАН

 

“Эрхэт Монгол” группын  Жамух пропертизын ахлах реалтор  Д.Болормаа  мөн Солонгосоос ирсэн юм. Тэрбээр Солонгос  дахь Эрхэт Монгол группын төлөөлөгчийн газрын ахлах борлуулагчаар ажиллаж буй.


-Эрхэт Монгол группын  төлөөлөгчийн газар Солонгост нээгдсэн. Солонгост байгаа монголчууд маань та бүхэнд хэр их  хандаж байгаа вэ?

-Солонгос дахь Эрхэт Монгол группын  төлөөлөгчийн газар маань  Эрхэт Монголын бүтээн байгуулалтын төслүүдийг  Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа  монголчууддаа танилцуулах зорилгоор, мөн Солонгос улсад амьдарч байгаа монголчуудынхаа  орон сууцны  асуудлыг шийдэхэд нэмэр болохоор  байгуулагдсан.  Бид долоодугаар сарын 14-нд төлөөлөгчийн газраа байгуулсан. Бид Солонгост байгаа монголчууддаа хүрч ажиллахаар хичээж байна. Яагаад гэвэл тэнд ажлын цаг нь давчуу, амралтын өдөр багатай,  тэр бүр Сөүлийг зорьж ирэх боломжгүй  хүмүүс олон  юм билээ.  Нийтдээ 55000 монголчууд Солонгост байгаа. Тэдний  80 хувь нь тэндэхийн хүмүүсийн хэлдгээр “бурханы виз”-тэй гэж ярьдаг. Тэр хүмүүс маань энэ тэрүүгээр хамаагүй явж чаддаггүй.  Тийм учраас бид монголчууд амьдарч байгаа  хот, нутаг болгонд  хүрч ажиллахаар чармайж байна. Одоогийн байдлаар  Солонгосын найман хотод хүрч ажилласан.  Солонгост  болсон зургаан наадамд оролцсон. Монголчуудынхаа чин сэтгэлийн яриаг сонсч, харилцан ойлголцсон.  Бид хотууд руу явахдаа тухайн хотынхоо  монголчууддаа мэдээллээ эхлээд хүргээд очиж уулздаг юм.

-Солонгост байгаа монголчууд  маань ямар орон сууц хүсдэг вэ?

-Эрхэт Монголын гол төсөл  “Хайрын хот” цогцолбор хаус хотхон юм. Гадаадад амьдарч байгаа монголчуудын хүсдэг том шийдлийг манайх  эхлүүлсэн гэсэн үг. Өмнөх бүтээн байгуулалт “Гранд маршал” төсөл байна.  Энд ч Солонгост амьдарч байгаа монголчууд нэлээд их захиалга өгсөн байдаг.  Энэ жишгээр “Хайрын хот” маань байгуулагдаж байгаа. Эх орондоо цогцолбор хотхонд соёлтой  амьдрах нь Солонгост амьдарч байгаа монголчуудын маань чин хүсэл. “Эрхэт монгол” групп энэ сэтгэлийг олж хараад, түүнийг нь бүтээж байгаа юм билээ. Уулзсан хүмүүсийн маань ихэнх нь үүнд талархал илэрхийлдэг.  Үнийн хувьд Солонгост амьдарч байгаа монголчуудын сарын орлогод нийцүүлсэн төлбөртэй.  Тэр нь урьдчилгаагүй, хүүгүй гэсэн нөхцөл юм. Тодорхой хугацаанд урьдчилгаагүй хүүгүй байж байгаад,  байр ашиглалтад оронгуут  төлбөр нь дуусаагүй байсан ч байрандаа ороод,  эзэмших, ашиглах эрх нь үүсэж байгаа юм. Энэ бас нэг давуу тал юм.

-Хайрын хот хэзээ бэлэн болох вэ гэж хүмүүс их асуудаг?

-Зургаан жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжих төсөл юм. Эхний ээлж нь энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн ашиглалтад орно. Дараагийн ээлжийг  ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Солонгост байгаа монголчууд маань  01058069080 дугаарт холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Солонгост төлөөлөгчийн газраа нээснээс хойш хүмүүс хэр их хандаж байгаа вэ?

-Манай төслийн талаар сонссоноос хойш тэнд байгаа монголчууд надтай тасралтгүй холбогдсон. Надтай хамт дахиад нэг реалтор ажилладаг.  Бид маш их ачаалалтай ажилладаг гэв.

Б.ЭГШИГЛЭН

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(178.176.72.70) 2022 оны 08 сарын 02

Энэ хөшөө нь дарамт стрессийн илэрхийлэл шиг харагддаг.

0  |  0
Өчё(59.153.114.169) 2022 оны 08 сарын 02

За тийм байхаа со пасторуудын л ажил байж

0  |  0
Зочин(64.119.23.200) 2022 оны 08 сарын 02

Дэд бүтэц л гол биз дээ бусад нь яахав дээ

0  |  0
Top