Азийн хөгжлийн банкнаас /АХБ/ Монгол Улсын Засгийн газарт эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээл олгох шийдвэрийг өнгөрсөн сарын 25-ны өдөр гаргалаа.
АХБ-ны хэвлэлийн мэдээнд, ОХУ-Украины хямралт нөхцөлт байдал болон ковид цар тахлаас үүдэлтэй БНХАУ-аас хэрэгжүүлж буй хилийн хорио цээрийн дэглэм нь Монгол Улсын эдийн засаг, төсөвт хүндрэл учруулж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүн амын ядуу, эмзэг бүлгийг дэмжих, инфляцийн дарамтыг бууруулах, мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Зарцуулалтын Хөтөлбөрийг боловсруулсныг онцолжээ.
Тус байгууллагын Зүүн Азийн газрын Санхүүгийн салбарын мэргэжилтэн Петер Розенкранз “Уг зээл нь эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын арга хэмжээг дэмжих болно. Энэхүү Мөчлөг Сөрсөн Дэмжлэгийн Хөтөлбөрийн зээлээр олгох төсвийн дэмжлэг нь дунд хугацаанд эдийн засгийн бүтцийн нэн шаардлагатай шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсвийн орон зайг бий болгоход эергээр нөлөөлнө гэсэн байна.
Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал өсөж, гадаад валютын нөөц дэх дарамт, гадаад санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж байна. Түүнчлэн хүнс, шатахууны үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, ядуурлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд 2022 оны зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 16.1% болж өссөний дотор хүнс, шатахууны үнэ огцом нэмэгдсэн.
Улаанбаатар хотын дөрвөн хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг бөгөөд өндөр инфляц, өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардал нь тэдгээр ядуу, бага орлоготой өрхүүдэд асар хүнд тусч байна. Эдгээр өрхүүд нь нийт орлогынхоо 43%-ийг хоол хүнсэндээ зарцуулдаг бол ядуурлын шугамаас дээш өрхүүд орлогынхоо 32%-ийг зарцуулдаг гэжээ.
Гадаад цочрол нь хүн амын ядуу, эмзэг бүлгүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, охидод илүү сөрөг нөлөө үзүүлдэг юм. Цар тахлын үеэрх хөл хорионд хамгийн ихээр өртсөн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг цалин хөлс харьцангуй багатай салбарт эмэгтэйчүүд гол төлөв ажилладаг.
Иймд энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийт өрхийн 64%-д хамаарах 1.2 сая хүүхдэд шууд мөнгөн дэмжлэг болж хүрнэ гэж мэдээлэлд тодотгожээ.
АХБ-ны Зүүн Азийн газрын Төрийн удирдлага, санхүүгийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Эмма Фан “АХБ-ны энэхүү санхүүжилт нь хүн амын ядуу, эмзэг бүлгийн иргэдэд гадаад цочролоос үүдэлтэй хүндрэлийг даван туулахад туслах болно. МСДХ-ийн хүрээнд үзүүлэх яаралтай тусламж нь 2022 оныг дуустал тус улсын Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Зарцуулалтын Хөтөлбөрийн дагуу эмзэг бүлгийн өрхүүдэд үзүүлэх нийгмийн хамгааллын дэмжлэгийг өргөжүүлэх болно" гэжээ.
Тус хөтөлбөр нь 2022 оны үлдсэн хугацаанд бага цалинтай ажиллагсдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг буцаан олгох, цалингийн доод шатлалд хамаардаг төрийн үйлчилгээний албан хаагчдын (дөрөвний гурав нь эмэгтэйчүүд) цалинг 8.5%-иар нэмэгдүүлэх зэрэг төрөөс хэрэгжүүлж буй бусад арга хэмжээг дэмжих юм. Мөн амьжиргааны түвшин доогуур байршлуудад амьдарч буй 16 мянга орчим бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг болно гэсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Бас л тараагаад дуусгах юм байна.дуусахаар нь ядуу хэвээрээ, дээрээс өртэй үлдэнэ
Алдагдалтай төсөв баталчихаад л зээлээр нөхөөд байдаг болжээ МАН
Emzeg bulegtee orhiin orlogo ni say hurehgui tetgevriin 2 hogshniig oruulaach.Tednii orhiin orlogo 700000 tog bn.Arai l bn shu