Ковид цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өнжөөд байсан “Coal Mongolia" чуулга уулзалт өнөөдөр болж буй талаар өмнө нь мэдээлсэн.
Чуулганы эхний салбар хуралдаан “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” сэдвээр боллоо.
Уг хуралдаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат “Нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын бодлогын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавив. Илтгэлийн гол агуулга нь дүрмээ шинэчлээд удаагүй байгаа “Эрдэнэс Монгол” ХХК нь 100 хувь төрийн эзэмшлийн уул уурхайн томоохон компаниудыг нэгтгэн “Зэс металлийн групп”,”Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваагдан Холдинг компани болж ажиллах бөгөөд нүүрс эрчим хүчний салбарт хэрхэн ажиллах, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаар байв.
Нүүрсний салбарт “Эрдэнэс Монгол” ХХК хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, Таван толгой-Зүүн баян, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулах, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаас гадна нүүрс тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч байгаа тухай илтгэлдээ онцоллоо.
Монгол Улсын экспортын 40 хувийг нүүрсний экспорт дангаараа бүрдүүлж байна.
Таван толгой-Зүүн баян, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортын хэмжээ 45 сая тонноор нэмэгдэх боломжтой бол нэг тонн нүүрсний тээврийн өртөг даруй 5-6 дахин буурах боломжтой.
Мөн тус төмөр зам ашиглалтад орсноор 2500 орчим ажлын байр бий болно. Харин Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 500-900 хүний ажлын байр бий болж жилд дунджаар 185.8 сая долларыг улс орон нутгийн төсөвт татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлэх боломжтой болно гэв.
Уртын болон богинын тээвэрт дотоодын тээврийн компаниудыг түлхүү оролцуулж нүүрс тээврийн үйл ажиллагааг эрчимжүүүлснээр валютын гадагш урсгалыг бууруулж төгрөгийн ханшийг сайжруулах ач холбогдолтой гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгээд бушуулаачээ. Юу саад болоод байгаа юм бэ...