"Ургамлын био технологи" эрдэм шинжилгээний хурал болж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораториос зохион байгуулж буй "Ургамлын био технологи -2022"  эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.09.16/ болж байна.

Энэхүү хурал нь Ургамлын биотехнологийн чиглэлээр туршилт судалгаа, сургалт явуулдаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их,  дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд ололт амжилтаа ярилцаж,  харилцан туршлага солилцох,  цаашид хийгдэх судалгаа шинжилгээний ажлын талаар санал бодлоо хуваалцах зорилгоор 4 жил тутамд зохион байгуулагддаг уламжлал тогтжээ.

Мөн судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэж зохион байгуулагчид хэлж байна

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Биологийн хүрээлэнгийн захиал Д.Гантулга хэлсэн үгэндээ “Монгол орон сүүлийн жилүүдэд дулаарал, хуурайшилт, цөлжилт, хүний үйл ажиллагаанаас  шууд ба дам нөлөөллөөс шалтгаалан ургамалжилтын төлөв байдал, ялангуяа эмийн ургамал ховордож, устаж алга болох тохиолдол ихсэж байгаа энэ цаг үед ургамлын биотехнологийн аргаар нэн ховор, ховор ургамлын генофондыг хадгалах, нөөцийг нэмэгдүүлэх, эм хүнс, гоёл чимэглэл, модлог ургамлын эд, эсийн өсгөвөр, хоёрдогч метаболит, молекул биологи, генийн инженерчлэлийн чиглэлээр туршилт судалгааг өргөжүүлэн хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд тус хурлаас гарах зөвлөмж тодорхой хувь нэмэр оруулах ач холбогдолтой” хэмээн онцлов.

 

Тус хурлыг зохион байгуулагч ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч доктор Ю.Оюунбилэг:

-Бид анх 2010 онд монгол орны биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, генетик нөөцийг нэмэгдүүлэх, инновацийн бүтээгдэхүүн бий болгох болон орчин үеийн молекул биологи, генийн инженерчлэлийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, Ургамлын био технологийн чиглэлээр туршилт судалгаа явуулах, энэ чиглэлээр дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн ажиллья гэсэн зорилгоор хурлыг зохион байгуулж өдгөө уламжлал болжээ. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр  энэ чиглэлээр ажилладаг судлаачдын тоо өссөн байна. 

Мөн гадаадад энэ чиглэлээр   эрдмийн зэрэг хамгаалж ирсэн судлаачид олноор бий болсон байна. Боловсон хүчний нөөц нэмэгдсэн байна. Мөн туршилт судалгааны үр дүн, ололт амжилт арвин байна. Тухайлбал, энэхүү хурлыг 2018 онд ивээн тэтгэж байсан Оюутолгой ХХК энэ жил мөн  ивээн тэтгэж байгаа. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол улсын  ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”  хөтөлбөртэй уялдуулж манай  лаборатори Оюутолгой компанийн захиалгаар 2018-2022 онд  хийсэн  ховор, нэн ховор 2 сөөг модон дээр хийсэн туршилт судалгааны ажлынхаа үр дүнг  өнөөдөр танилцуулж байна.  Аль хэдийн гаргаж аваад байсан дээрх  бичил суулгацаа бид бүхэн Оюутолгой ХХК-ийн Байгалийн ургамлын үржүүлгийн төв рүү шилжүүлж эхэлсэн сайхан үр дүнтэйгээр өнөөдрийн хурлаа угтаж байна.

Зөвхөн инновацын чиглэлийн судалгааны ажлаас гадна суурь судалгааны ажлууд ахисан түвшинд мөн хийгдэж байна.  Өнөөдөр дэлхийд ургамлыг зөвхөн хөрсөнд  тарималжуулахаас гадна био ректорын түвшинд үйлдвэрлэж байна. Эдийн засгийн үр дүн  нь ололт амжилттай байна. Манай судлаачдын хувьд энэхүү туршилт судалгааны ажлын үр дүнг аль хэдийн хийгээд эхэлчихсэн. Энэ суурь нь  байгаа учраас бид  дэлхийтэй хөл нийлүүлж алхах цаг нь болжээ хэлэх байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top