Хятад улс Чехийн төлөөлөгчид Тайваньд айлчилж буйг буруутгав

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 18

БНЧУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам Чехийн төлөөлөгчдийн Тайваньд хийж буй айлчлалыг Хятадын бүрэн эрхт байдлыг зөрчиж байна гэж буруутгалаа.

“Сенатч Йиржи Драгош тэргүүтэй Чехийн төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтой зөрчиж байна” гэж БНЧУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгджээ.

Мэдэгдэлд мөн “Энэ алхам нь Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж буй салан тусгаарлах хүчнийг илт дэмжиж, Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ноцтой зөрчсөн, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, хоёр талын улс төрийн үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл” гэж дурдсан байна.

Чех дэх БНХАУ-ын ЭСЯ-наас мөн БНЧУ-ын төлөөлөгчдийн Тайвань дахь айлчлал нь Хятад, Чехийн хоёр талын харилцааны улс төрийн үндсийг алдагдуулж байна гэжээ.

Үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Тайванийг тойрсон АНУ-ын өдөөн хатгалгыг шүүмжилсэн билээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд Ройтерс агентлаг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалаас болж АНУ, Хятадын хооронд хурцадмал байдал үүссэнээс хойш анх удаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр хөлөг онгоц Тайванийн хоолойгоор дамжин өнгөрсөн тухай мэдээлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top