АХБ: Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг БУУРУУЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг энэ онд  2.3% байсныг бууруулж 1.7%, ирэх оны төсөөлөл 5.6%-г мөн бууруулж 4.9% болгожээ.

Тус байгууллагаас  эрхлэн гаргасан эдийн засгийн төлөвийн шинэчилсэн тайланд дурдсанаар Монголын эдийн засгийн нам түвшний аажим өсөлт 2022 онд хадгалагдах боловч инфляц болон урсгал дансны алдагдал өмнөх төсөөллөөс давж өсөх төлөвтэй.

Харин гадаад орчны эрсдэл буурч, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд дахь асуудлууд шийдвэрлэгдэнэ гэсэн эерэг хүлээлтэд үндэслэвэл эдийн засгийн өсөлт ирэх онд нэмэгдэх боломжтой байна.  

“Азийн Хөгжлийн Төлөв (АХТ) 2022” шинэчилсэн тайланд  Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөллийг бууруулсан нь худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаарх хүлээлтээс илүү удаан хугацаанд үргэлжилсэн, өндөр инфляцын  улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа, зээлийн эрсдэл, зардал нэмэгдсэнээр зээлийн олдоц муудах хандлагатай болсон, мөнгөний бодлогын төлөв үргэлжлэн чангарч байгаа зэрэг хүчин зүйлстэй шууд холбоотой байна.

БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудад хязгаарлалт илүү удаан хугацаанд үргэлжилснээс гадна ОХУ-Украины дайны нөхцөл байдал ужгирч байгаа нь гадаад худалдаа тасалдах, зайлшгүй чухал импортын барааны нийлүүлэлт буурах, импортын үнэ, түүгээр дамжиж дотоодын үнийн түвшин эрс нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар бий болгож, аж үйлдвэрлэлийн салбар болон бизнесийн хүлээлтийг муутгасаар байна.

Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээврийн салбарт агшилтууд үргэлжилж, аж үйлдвэрлэлийн салбарын сэргэх хугацаа өмнөх хүлээлтээс хойшлогдлоо. Гэхдээ цар тахлын эсрэг дотоодын хязгаарлалт, хатуу арга хэмжээг энэ оны хоёрдугаар сараас эхлэн цуцалж эдийн засгийг нээсэн, төсөв, мөнгөний бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлсэн нь дотоод эрэлтийг дэмжсэн.

Инфляц. огцом өсөж сүүлийн 16 сарын турш төв банкны зорилтоос өндөр түвшинд байсаар байна. Нийлүүлэлтийн тасалдал, тээврийн зардлын өсөлт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсны дотоодын үнийн түвшинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүнс, түлш шатахуун, хэрэглээний барааны импортын үнийн өсөлтөөс голлон шалтгаалж инфляци өндөр түвшинд хэвээр байна.

Импорт огцом өсөх, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах, экспортын түүхий эдийн үнэ буурах зэрэгтэй уялдан төлбөрийн урсгал дансны алдагдал 2022-2023 онд өнгөрсөн дөрөвдүгээр сарын төсөөллөөс давж өсөх төлөвтэй байна.

БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудад шинээр хязгаарлалт хийх, экспортын түүхий эдийн үнэ буурах, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах болон мөнгөний бодлого огцом чангарах, тэдгээрийн дотоодын эдийн засаг дахь сөрөг үр дагавар даамжрах, дотоодын санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах зэрэг нь дээрх төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.187.160) 2022 оны 09 сарын 22

харин ч гайгүй үнэлгээ байна. бүр өнөөгийн төрх байдлаас үзвэл үүнээс ч долоон дор үнэлэгдэхээр байгаа санагадана. Засагт ая тал засаагүй л байлтай. өнөөгийн байдал бо авах юмгүй дорой бүр хасах түвшинд монголын эдийн засаг унах талд байгаа шүүдээ

0  |  0
Top