Эдийн засгийн өсөлт 3%-д хүрэх эсэх нь нүүрсний экспортоос хамаарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Энэ оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг 3 хувьд байхаар нэмэгдүүлснээ Төв банкнаас мэдэгдлээ. Гэхдээ энэ нь экспорт, ялангуяа нүүрсний экспорт гүйцэтгэлээс шууд хамаарна гэж тодотголоо.

Сануулахад,  Төв банкны зүгээс 2022 оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг зургадугаар сард  2.4 хувьд хэвээр хадгалснаа  мэдэгдэж байсан. Үндэслэлээ тайлбарлахдаа, нэг талаас газрын тос болон нүүрсний экспортын уналт нь уул уурхайн салбарын өсөлтийг сааруулахаар байгаа бол, нөгөө талаас уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг хөдөө аж ахуй, үйлчилгээ, худалдаа, үүнийг дагасан татвар бүрдүүлэлт нэмэгдэхээр байгаа нь өсөлтийг тэтгэнэ гэж үзэж байсан юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний улиралд 3.8 хувиар буураад байсан Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хагас жилийн дүнгээр 1.9 хувийн өсөлттэй гарсан.

Төв банкны зүгээс энэ өсөлтийг тайлбарлахдаа "Дотоод эдийн засгийн хувьд энэ оны эхний хагас жилд хөл хорионы дэглэм суларч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 1.9 хувиар тэлээд байна.  Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэв.

Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, уул уурхайн бус салбарууд нийт дүнгээр 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсныг илтгэж байна.

Сүүлийн 3 улирал дараалан өрхийн хэрэглээ өсөж, хөдөлмөрийн зах зээл сэргэсэн нь эрэлтийг тэтгэж байна.

Гадаад орчны тааварлашгүй нөхцөл байдал нь төсөөллийн тодорхой бус байдлын эх сурвалж болж байна гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top