Засгийн газар ₮20 их наяд давсан ТҮҮХЭН ӨНДӨР зарлагатай төсөв өргөн барихад бэлэн болжээ

2022 оны 09 сарын 27

 

2019 ОНД ₮10 ИХ НАЯД ДАВСАН МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 3 ЖИЛИЙН ДОТОР ₮20 ИХ НАЯД ХҮРЭХ НЬ

 

Засгийн газраас 2023 оны улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Ирэх онд төсвийн орлогыг 19.6 их наяд, зарлагыг 20.3 их наяд төгрөг байхаар тооцжээ. Төсвийн алдагдал 1.8 их наяд буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувьд тэнцэхээр тусгасан байна.

Тодотгоход, Монгол Улсын төсөв 1960-аад онд  анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлсэн юм.

Харин  2019 оноос анх удаа 10 их наядыг давсан бол 2020 онд түүхэнд анх удаа 14 их наяд төгрөг шүргэсэн зарлагыг хуульчилж байв. Түүнчлэн  2021 оны төсвийн тухай хуулийг батлахдаа ч, зарлагыг  13.9 их наяд төгрөг байхаар баталсан байдаг.

 

Энэ 2022 оны төсвийг УИХ-аас анх  батлахдаа:

 

  • Орлогыг 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьд
  • Зарлагыг 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувьд байхаар тооцсон юм.

 

 

 Харин 4 дүгээр сард хийсэн  тодотголоор:

 

  •  Төсвийн орлогыг 15,526.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувьд
  • Зарлагыг 17,913.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.4 хувьтай тэнцүү байхаар тооцсон юм.

 

Тэгэхээр ирэх 2023  оны төсвийн орлого, зарлагын тооцооллыг харахад Засгийн газраас өмнө нь УИХ-д өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаас илүү өндөр дүнгээр тооцсон байна.

Учир нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг өмнө нь 2023 онд 17,168.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33 хувь, 2024 онд 18,880.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь байхаар төсөөлж байсан  бол сүүлд хийсэн өөрчлөлтөөр 2023 онд 17,312.2 тэрбум, 2024 онд 18,511.9 тэрбум, 2025 онд 20,496.7 тэрбум төгрөг байхаар тусгасан.

Харин нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг өмнө нь 2023 онд 19,040.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.6 хувь, 2024 онд 20,523.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35 хувьтай тэнцүү байхаар төсөөлж байсан бол өөрчлөлт оруулсан  төсөлд  2023 онд 19,219.1 тэрбум, 2024 онд 20,077.8 тэрбум төгрөг, 2025 онд 21,744.8 тэрбум төгрөг байхаар тооцож тусгасан.

Тэгвэл одоо засгаас өргөн барих 2023 оны төсвийн төслөөс үзэхэд төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнээс ОРЛОГЫГ 2.3 их наяд төгрөгөөр, ЗАРЛАГЫГ 1.1 их наяд төгрөгөөр өсгөж оруулж иржээ.

Сануулахад, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михнев оролцож, "Төсвийн нэн тэргүүний шинэчлэлүүд" сэдвээр илтгэл тавьж,   Төсвийн шинэчлэл хийх нь цаг хугацааны хувьд нэн чухал асуудал болоод байна. Иймд гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалах бус цаг хугацаатай уралдах шаардлага бий болж байна. Мөн төсвийн бодлогын шинэчлэлийг хууль эрх зүйн актуудтай нягт уялдуулж, тууштай, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал гэсэн.

Мөн Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдалд төсвийн бодлогын гүйцэтгэх үүрэг сэдвээр итгэл тавьсан юм. Тэрбээр төсвийн бодлогод тохиргоо хийх зайлшгүй шаадлага болон бүтцийн реформ хийх шаардлагыг онцолсон.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.49) 2022 оны 09 сарын 27

Наадуул чинь төсвийн алдагдал, өөрсдийн цавчаа, эргэж төлөгдөх боломжгүй болсон найдваргүй зээл, банкны дампуурал, халамжийн нэг хэлбэр болох ипотекийн зээлийн асуудлаа дарахаар зориуд төсвийг хөөсрүүлж байна. Энэ жил эдийн засаг өсөлтгүй байсан. Өнгөрсөн жил бас адил. Эдийн засаг агшсан одоо үед манай жилийн төсөв үсрээд 12 трилион байх л бололцоотой.

0  |  0
Top