Дэлхийн эдийн засаг  уналтад орвол азийн орнуудын экспорт  эрс буурна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

 

Азийн хөгжлийн банкнаас энэ оны дөрөвдүгээр сард гаргасан төсөөллөөр азийн бүс нутгийн эдийн засаг 2022 онд 5.2 хувиар тэлэхээр байсан бол өнгөрсөн сард танилцуулсан шинэчилсэн тайланд 4.3 хувиар өсөх төлөвтэй хэмээн тооцсон байна. Ирэх оны өсөлтийн таамаглалыг мөн 5.3 хувиас  4.9 хувь болгон бууруулсан бол бүсийн инфляцын төсөөллийг нэмэгдүүлжээ. БНХАУ-ыг эс тооцвол хөгжиж буй Азийн бусад орнууд 2022, 2023 онд 5.3 хувиар өсөх төлөвтэй байна.

Дархлаажуулалт идэвхжиж, ковид цар тахлаас үүдэлтэй нас баралт буурч байгаатай холбоотойгоор тус бүс нутгийн орнууд цар тахлын хөл хориогоо сулруулж буй нь дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн өсөлтийг дэмжиж байна. Гэсэн хэдий ч ОХУ-Украины дайны нөхцөл байдал нь дэлхийн хэмжээнд тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлыг дордуулж, улмаар эрчим хүч болон хүнсний зах зээлийг тогтворгүй болгож байна. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банк болон Европын төв банкнаас мөнгөний бодлогоо чангаруулж байгаа нь дэлхийн эрэлтийг бууруулж, санхүүгийн зах зээлийг донсолгож байна. Үүний зэрэгцээ ковид цар тахлын алаг цоог дэгдэлт, шинэ хөл хорио нь бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын өсөлтийг сааруулж буйг тодотголоо.

АХБ-ны Ерөнхий эдийн засагч Альберт Парк “Хөгжиж буй Азийн эдийн засаг сэргэж буй ч том эрсдэлтэй нүүр тулж байна. Дэлхийн эдийн засаг том уналтад орвол бүс нутгийн экспортын эрэлтийг эрс бууруулна. Хөгжингүй орнууд мөнгөний бодлогоо хүлээлтээс давуулан эрс чангатгах нь санхүүгийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүй юм. Мөн БНХАУ-д хөл хорио дахин тогтоож, үл хөдлөх хөрөнгийн салбар суларч байгаагаас үүдэн тус улсын өсөлт сорилтуудтай тулгарч байна. Ийм хөгжиж буй Азийн орнуудын засгийн газрууд эдгээр эрсдэлд сэрэмжтэй байж, өсөлтийг сааруулахгүйгээр инфляцыг тогтоон барихад шаардлагатай арга хэмжээг авах шаардлагатай байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top