Нэг жилд ₮1 их наядыг суудлын автомашины импортод зарцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

 

Сүүлийн 10 жилд $3.7 тэрбумыг суудлын автомашины импортод зарцуулжээ

Энэ оны эхний найман сарын байдлаар суудлын автомашин, түүний сэлбэг хэрэгслүүд хэрэглээний импортын 26 хувь, нийт импортын 8.4 хувийг эзэлж байгаа нь өмнөх хоёр жилээс нэмэгдэж, цар тахлын өмнөх үе рүү дөхсөн үзүүлэлт болж байна.

Өмнөх жилүүдийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, манай улсын суудлын автомашины импорт нийт импортын 7 орчим хувийг, хэрэглээний импортын 20 гаруй хувийг эзэлж, жилд дунджаар 400 гаруй сая ам.доллар буюу 1 их наяд гаруй төгрөгийг автомашин худалдан авахад зарцуулж буй юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийтдээ 3.7 тэрбум ам.долларыг зөвхөн суудлын автомашин худалдан авахад зарцуулжээ.

Суудлын автомашины импорт 2015 оноос хойш тасралтгүй нэмэгдэж, 2019 онд түүхэн дээд хэмжээнд буюу 70 орчим мянган автомашин импортолж, 420 орчим сая ам.долларыг зарцуулсан байдаг.

Хилийн хязгаарлалт, хорио цээрийн дэглэмээс шалтгаалан 2020 онд автомашины импорт буурсан ч 2021 оноос эргээд нэмэгдэж, энэ оны эхний найман сарын байдлаар 396 сая ам.долларын суудлын автомашины импорт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 58 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Сүүлийн саруудад хилийн боомтууд дээрх ачаа бараа татан авалтууд нэмэгдэн, чингэлгийн бөөгнөрлүүд багассанаар импорт ийнхүү нэмэгджээ.

Суудлын автомашины импортыг үнийн дүнгээр задлан авч үзье. 2021 оны байдлаар 100 сая төгрөг хүртэлх үнэтэй автомашин нийт автомашины 95 гаруй хувийг эзэлж байгаа ч үнийн дүнгийн 65 хувийг, харин 100 саяас дээш төгрөгийн үнэтэй автомашин нийт автомашины дөнгөж 4 хувийг бүрдүүлсэн ч үнийн дүнгийн 35 хувийг эзэлж байгаа нь өндөр дүнтэй автомашин худалдан авах сонирхол нь валютын гарах урсгалд ихээхэн дарамт болдгийг харуулж байна.  Түүнчлэн, өмнөх онд 250 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 322 ширхэг автомашин импортоор орж ирсэн  нь нийт үнийн дүнгийн 8.3 хувийг эзэлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Долгор(59.153.114.62) 2022 оны 10 сарын 13

Хуучин машины сэгэнд ийм их мөнгө зарцуулах ч гэж дээ. Хэлхсэн машины сэг унаад ямар ажил бүтээсэн юм болдоо зайлуул. Гаалийнхан машин гэж сэг хилээр нэвтрүүлгийнхээ төлөө дундаас нь хөлжиж байх шив.\n

0  |  0
Ориг(176.166.205.186) 2022 оны 10 сарын 13

Буруу талдаа рультэй машиныг хориглооч ээ. Аваар осол ихсээд л байх юм. Эсвэл замын хөдөлгөөний дүрмээ өөрчлөөд Японтой адилхан болго.

0  |  0
zzzzz(64.119.21.20) 2022 оны 10 сарын 13

yawakh gazargui baij importoo bagasgawal yasan yum bol , khuuchin mashiny orshuulgyn gazar bolloo

0  |  0
Top