Инфляц улсын хэмжээнд 13.8% болж өмнөх сараас БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Инфляцын түвшин 2022 оны есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарчээ. 13.8 нэгж хувь гарсны 7.7 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэж ҮСХ-ноос мэдээллээ. Инфляцын өсөлтөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь)
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.3 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Сануулахад, инфляц наймдугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьтай гарсан.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төв банкнаас инфляцын эсрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, оны эхэн үетэй харьцуулахад бодлогын хүүг 2 дахин нэмэгдүүлж 12 хувьд хүргээд байна. Дан ганц бодлогын хүү бус инфляцыг өдөөж байсан зарим гадаад хүчин зүйлс, тээвэр логистикийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа нь инфляц буурахад нөлөөлж байна. Шатахуун, мах, хүнсний ногоо гэх мэт дотоод хүнсний барааны үнэ бас инфляц буурахад нөлөөлж байна. Засгийн газраас анхаарал хандуулж, авч хэрэгжүүлж буй зохион байгуулалт бодлого зохицуулалт ч үр дүнгээ өгч байх шиг байна. Сүүлийн саруудад инфляц буурах хандлагатай болж байгааг энд онцлох нь зүйтэй.

Тухайлбал, инфляц энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд 14.4 хувьд хүрсэн нь зургадугаар сарын оргил үеэс даруй 2.5 нэгж хувиар буурсан хэмжээ юм. Цаашид инфляц үргэлжлэн буурч дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжих хүлээлт хэвээр байгаа хэдий ч гадаад орчны тааварлашгүй нөхцөл байдал гол эрсдэл болсоор байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.216.165) 2022 оны 10 сарын 14

Хүмүүс мөнгөгүй худалдан авалт байхгүй болсон юм чинь адгийн тэнэг л барааний үнэ нэмээд авбал байвал бай гээд л сууж байх биз дээ. Засгийн газар сайн ажилласаны үр дүн биш. Та нар зөвхөн бодлогын хүүгээ өсгөж бэлэн мөнгөний хомсдол үүсгэсэн болохоор л тэгж харагдаж байгаа юм.

0  |  0
Top