Хэмнэлтээс болоод УИХ-ын хуралдааны хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл үүслээ гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд хэмнэх ёстой зардлуудыг хасахаас гадна шаардлагатай зардлуудыг  хасаад байна гэх байр суурийг илэрхийлэх талууд байна. Тухайлбал, ирэх оны төсвийн төсөлд УИХ-ын Тамгын газрын хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг хассан талаар яригдаж буй юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд “Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш УИХ-ын гурван Түр хороо байгуулагдсан. Байгуулагдаад дөрөв, таван сар болоод байхад үйл ажиллагаа явуулах зардал байхгүй. Үүнээс болоод түр хороодын ажил урагшилдаггүй. Ирэх онд УИХ-ын хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэдий хэмжээний төсөв суулгасан бэ” хэмээн Сангийн сайдаас тодруулсан.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн хэмнэлтийн хуулийг бид өөрсдөө хэрэгжүүлж эхэлнэ. УИХ, Засгийн газар аль аль нь. Түр хороо тухайлсан шаардлагаар байгуулагддаг. Тэр үед улсын төсөв батлагдчихсан байдаг. Ирэх онд хэдэн Түр хороо байгуулагдахыг бид мэдэхгүй. УИХ батлагдсан төсөвтөө багтаагаад ажлаа хийгээд явна гэсэн юм.

УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар “2023 оны төсөвт суулгахаар бидний төсөвлөж оруулсан хөрөнгө оруулалтын зардал болох 3.5 тэрбум төгрөг 100 хувь хасагдсан. Мөн 2.4 тэрбум төгрөгийн урсгал зардал хасагдсан. Хасагдсан 3.5 тэрбум нь УИХ-ын хуралдааны цахим системийн шинэчлэлд зориулагдах зардал байсан. Одоо хуралдааны танхимуудад ашиглаж байгаа тоног төхөөрөмж буюу микрофонт гар 10 гаруй жил болсон, үйлдвэрлэгдэхээ больсноос сэлбэг хэрэгсэл нь олдохгүй болсон. 2022 онд чуулганы нэгдсэн хуралдааны танхимын төхөөрөмжийг солих мөнгө төсөвт суусан. Одоо бусад танхим дахь микрофонт гарыг солих шаардлага байгаа. Энэ төхөөрөмжийг авах захиалга өгснөөс хойш зургаан сарын дотор үйлдвэрлэгдэн нийлүүлэгддэг. Бидний өгсөн захиалгын дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд оны дараа чуулганы нэгдсэн хуралдааны танхимын микрофонт гарыг суурилуулах ажил хийгдэнэ. Харин бусад танхимуудад тавигдах зардал ирэх оны төсөвт сууж, бид захиалга өгч үйлдвэрлэх ажил хийгдэхгүй бол  шинэчлэлийн ажил 2025 он хүртэл хойшилж, хуралдааны хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл үүсэх болоод байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top