ТӨСӨВ: СЕХ-ны ₮49.6 тэрбумын зардлыг ХАССАН шалтгаанаа тайлбарлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Сонгуулийн ерөнхий хорооноос 2023 оны төсвийн төсөлд шаардлагатай техник хэрэгслийг шинэчлэх зардлыг тусган Сангийн яаманд хүргүүлсэн ч ирэх оны төсвийн төсөлд тусгаагүй байгаа талаар нэр бүхий гишүүд Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тус байгууллагын зүгээс 49.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлаар сонгуулийн санал авч тоолох автоматжуулсан системийн шинэчлэл хийгдсэнээр 2024 оны УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг техникийн саатал, эрсдэл доголдолгүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж албан бичигтээ дурдсан аж.

Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар хэлэхдээ, ирэх оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй гэсэн зарчмаараа шийдсэн байгаа. Сонгуулийн ерөнхий хороонд шаардлагатай байгаа техник хэрэгслийн зардлыг 2024 оны төсөвт тодорхой хэмжээгээр тусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Эдийн засгийн хувьд байдал амаргүй байгаа. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал ирэх жил үргэлжлэх нь. Жилийн өмнө бид өөдрөг төсөөлөлтэй байсан бол одоо эргэсэн. Тийм учраас дэлхий нийтээрээ хамгийн том нийтлэг асуудал болсон инфляцтай хөл зэрэгцэн, бодлого нийлж явахаас өөр аргагүй боллоо. Улс орнуудын Төв банкууд мөнгөний хатуу бодлого руу орж, төсвөө байж болох түвшиндээ хумих бодлого барих нь. Нөгөө талд эдийн засгийн өсөлт гэж чухал асуудал бий. Бид мөнгөний бодлогоо хатууруулж, төсвөө хумиад, өсөлтөө орхивол түүнийгээ эргүүлэн босгоход өндөр үнэ төлөх болно. Тиймээс бүх зүйлийн балансыг барих хэрэгтэй байна. Бидний ирэх жилийн хамгийн том зорилго бол эдийн засгаа тогтворжуулах, дараагийн болзошгүй эрсдлээс сэргийлэх. Ингэж байж дараагийн тогтвортой өсөлтийг бий болгох учиртай. Тиймээс  урсгал зардал, хөрөнгө оруулалтын хувьд тэвчиж болох хэмжээгээр багасгаж, хэмнэх бодлого барьж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top