Инфляц ирэх 1 жилд 14.4% байна гэсэн хүлээлт давамгайлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляцын түвшин 2022 оны есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх наймдугаар сард инфляц сард улсын хэмжээнд 14.4 хувьтай байснаас буурсан үзүүлэлт.

Тэгвэл Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаанаас үзэхэд иргэд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 1000 гаруй иргэдийг хамруулсан судалгаанд оролцогчдын 76 хувь нь ирэх зургаан  сарын хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй байгаа бол 73 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.

Хэрэглэгчид инфляцын түвшинг ирэх зургаан сард 11.6 хувь байна гэж үзэж буй бол нэг жилийн хугацаанд 14 хувьтай байна гэсэн хүлээлттэй байгаа юм. Хүлээгдэж буй инфляцын ойрын зургаан сар болон жилийн дараах түвшингүүд өмнөх улиралтай харьцуулахад өсжээ.

Эндээс үзвэл иргэдийн дийлэнх нь үнийн түвшин өснө гэж үзэж байна. Хоёрдугаар улиралд иргэдийн инфляцын хүлээлт саарах хандлагатай байсан ч энэ улиралд инфляцын хүлээгдэж буй утга эргээд өссөн байна. Түүнчлэн инфляцын талаарх тодорхой бус байдал өндөр байна. Хөдөө амьдардаг хэрэглэгчид Улаанбаатар хотод амьдардаг хэрэглэгчидтэй харьцуулахад ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин арай бага өснө гэж хүлээж байна. Хотод жилийн хүлээгдэж буй инфляц 14.4 хувь байгаа бол хөдөө 13.3 хувь гэж гарчээ. Зургаан сарын инфляцын хүлээлт хот болон хөдөөний хэрэглэгчдийн дунд ойролцоо байна.



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top