Ирэх хоёр жилд Монгол Улс хэд хэдэн гадаад бондын төлбөр төлөх учраас валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлага бийг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.
Тэрбээр “Манай улсын гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа. Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний арван сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байна. 2023 онд бондын төлбөрт нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хийхээр байгаа учир нөөц бүрдүүлэх шаардлага бий” гэлээ.
Мөн олон улсын эдийн засгийн нөхцөл байдал болон манай улсын нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улс олон улсын нээлттэй зах зээл дээрээс 10-аас доош хувийн хүүтэй бонд босгох боломжгүй гэж тооцож байгаагаа хэллээ. Харин нүүрсний экспорт хэвийн үргэлжилж, төлөвлөсөн орлогоо олж чадвал дээрх төлбөрийг дарамт багатайгаар төлөх боломж бий гэв.
Сэтгэгдэл ( 0 )