Засгийн газар 2023 оны төсвийн төсөлд нүүрсний экспортыг 36.5 сая тоннд хүрнэ гэж тооцож, тусгасан нь шүүмж дагуулж буй. Учир нь эрх баригчид жилийн жилд л нүүрсний экспортын биет хэмжээг бодит нөхцөл байдлаас хэтрүүлэн өндрөөр тооцож, төсөвт тусгадаг. Энэ 2022 оны төсвийг батлахдаа ч, 36.7 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон. Гэвч төсвийн тодотголоор нүүрсний экспортын биет хэмжээг 2 дахин бууруулж, 18 сая тонн байхаар өөрчилсөн юм.
УУХҮЯ-ны мэдээллээр энэ оны эхнээс аравдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд 21.5 сая тонн нүүрс экспортод гаргаад буй. Энэ нь төсвийн тодотголоор бууруулж тооцсон 18 сая тонн гэсэн хэмжээтэй харьцуулахад давж гарсан дүн боловч анх төсөв батлахдаа хэт өөдрөг тооцсон гэдэг нь ойлгогдож байгаа юм. Үүнийг тодотгохын учир нь 2023 оны төсвийн төсөлд өнөөх хэт өөдрөг тооцооллоо дахиад л давтаад оруулаад ирчихсэн.
Энэ оны хоёрдугаар хагаст нүүрсний экспорт сэргээд байгаа нь үнэн боловч орж ирэх орлого нь бодитой нэмэгдээгүйг эдийн засагчид сануулж байгаа. Тухайлбал, эдийн засагч Д.Ган-Очир “Энэ оны эхний 8 сарын байдлаар нүүрсний экспортын “бодитой” орж ирэх дүнг (төлбөрийн тэнцэл дээрх дүн)-ээс нь 2 тэрбум ам.доллароор илүү бүртгээд яваад байгаа асуудал бий. Өөрөөр хэлбэл, энэ нь зүгээр л хоосон хий бичилт гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Гэсэн ч эрх баригчдын хувьд поп нь хэтэрдэг жишгээрээ нүүрсний экспорт өсөөд болоод байна л гэх хандлагатай. Түүнчлэн ирэх онд Засгийн газар экспортыг 11.4 тэрбум ам.доллар, импортыг 9 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарна гэж өөдрөгөөр тооцчихсон. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэхийн тулд ирэх онд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Голлох боомтын дэд бүтцийн ажлыг дуусгаж, автомат удирдлагат чингэлэг тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулна, Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын ажлыг хийж гүйцэтгэснээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрнэ гэж тооцоод байна.
Тэгвэл төсвийн төлөвлөлтийн талаарх судалгаанаас үзэхэд эрх баригчид нүүрснээс олох орлогыг ерөнхийдөө хэтрүүлэн үнэлэх хандлага давамгайлдаг нь харагдаж буй юм.
Тухайлбал, 2021 оны төсвийн төсөлд 42 сая тонн нүүрс экспортолж 1.3 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлнэ гэж үзсэн. Гэтэл 2021 онд 16.1 сая тонн нүүрс экспортолж төсвийн орлого дутсан.
Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс хийсэн судалгаанаас үзэхэд, сүүлийн 10 жилийн найман жилийнх нь нүүрсний экспортын төсвийн төсөөллийн өгөгдөл олдсон байна. Дараах зурагт мэдээлэлд үзүүлснээр дунджаар 32 сая тонн нүүрс экспортолно гэж төсвийн төсөлд тооцоолж байсан бол дунджаар 26 сая тонн нүүрс экспортолж байжээ. Өөрөөр хэлбэл, 6 сая тонн нүүрс илүү экспортолно гэж төсөөлжээ. Бүр тодруулбал, энэ найман жилийн зургаан жилд нүүрсний экспортын төсөөллөөс гүйцэтгэл нь бага байсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Нүүрсчид болох гэмт хэргиин сүлжээ мафиин толгоилогчидтои хатуу шударга шүүх хэрэгтэи
ийм л хөгийн луйварчид байгаа ш дээ тэгээд худлаа уул уурхайгаар мөнгө олж байгаа гээд хуцаад байсан новшнууд