Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 17-нд баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Ажлын байрыг дэмжих зорилт бүхий жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон.
Тэгвэл Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээний зээлийн зориулалт, зарцуулалт, нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг банкууд дотоод хяналтаараа хянахаас гадна, Mонголбанкнаас газар дээрх шалгалт хийсэн байна.
Шалгалтаар нийт 66 зээлдэгчийн 6.2 тэрбум төгрөгийн зээлээс 46 зээлдэгч 3.7 тэрбум төгрөгийн зээлийг зориулалт бусаар ашигласан, 10 зээлдэгчийн 2.1 тэрбум төгрөгийн зээл нь 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн, 10 зээлдэгчийн 332.8 сая төгрөгийн зээл шаардлага хангаагүй зээлдэгчдэд олгосон зөрчил, дутагдлыг илрүүлж, бизнесийн зээлд шилжүүлжээ.
Сануулахад, өнгөрсөн жилийн аравдугаар сар гэхэд Ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд орчим төгрөгийн зээлийг банкууд олгосон бөгөөд зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг 1 их наядаар нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж Засгийн газар үзэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )