Логистикийн нэгдсэн төв байгуулах нь ШИЙДЭЛ гэв  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Монгол Улсын нийт барааны импортын 70 орчим хувийг гүйцэтгэдэг чингэлэг тээврийн салбарт сайжруулах ажлууд, шийдвэрлэх асуудлууд олон байна. Тухайлбал, тээврийн салбарын нийлүүлэлтийн сүлжээ сайн хөгжөөгүй тул тээвэрлэх хугацаа урт, цагийн хуваарь баталгаагүй, цаашлаад манай улсын импортоор авч буй бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт цөөн хэдэн далайн тээврийн компаниудаас хамаарал өндөртэй байгаа юм.

Өнөөгийн үүсээд байгаа хүндрэлүүдээс үзвэл логистикийн нэгдсэн төв байгуулах, салбарын дотоод үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ажил нэн чухал гэж тус салбарын бизнес эрхлэгчид үзэж буйг ирэх оны Мөнгөний бодлогын төсөлд дурджээ.

Гаднаас авч буй ихэнх ачааг Улаанбаатар хот хүртэл тээвэрлэдэг бөгөөд одоогоор 11 гаалийн хяналтын терминалаар чингэлэг хүлээн авч байна. “Улаанбаатар төмөр зам ХНН” (УБТЗ) хүлээн авсан чингэлгийн галт тэргийг олон салбар замууд руу хуваарилах ажиллагаанд зардал болон хугацаа их зарцуулах, улмаар вагоны эргэлтийн хугацаа уртсах зэрэг асуудлууд тулгарч байна. Ийнхүү хугацаа уртсаж байгаа асуудал нь чингэлгийн түрээсийн зардал, зам дээр зогссоны төлбөрийг нэмэгдүүлэх байдлаар тээврийн зардлыг өсгөх, чингэлгийн эргэлтийг удаашруулдаг. Цаашилбал, далайн тээврийн компаниуд манай улс руу чингэлгээ оруулах сонирхлыг бууруулдаг. Түүнчлэн, чингэлгийн түрээсгүй эргэх хугацаа маш бага байдгаас шалтгаалж тээвэрлэлтийн зардал дээр чингэлэг түрээсийн өртөг нэмэгдэж логистикийн зардлыг өсгөж байна гэж тээвэр зуучлагчид тайлбарлаж буй юм. Энэ нь хөлдөөгчтэй чингэлэг REF, тавцант чингэлэг FR, open-top чингэлэг зэрэг  тусгай зориулалтын чингэлгүүдээр тээвэрлэгддэг ачаанд ихээхэн хамааралтай  аж.

Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэх нэг боломжит шийдэл нь Улаанбаатар хотод Логистикийн нэгдсэн төв  байгуулах гэдгийг тодотгож байна. Цаашлаад логистикийн нэгдсэн төвийн стандартыг боомтын стандарттай уялдуулснаар далайн тээврийн баримт, бичиг эцсийн хүрэх Улаанбаатар хотын хуурай боомт гэсэн статус бий болох боломжтой болж, улмаар далайн тээврийн томоохон компаниудын чингэлгүүд Монголд орж ирэх сонирхол нэмэгдэн, манай улсын гадаад худалдааны тээвэр логистикийн зардал буурах боломж бүрдэнэ. Логистикийн нэгдсэн төв  байгуулснаар чингэлгийг ачиж буулгах давтамж цөөрөхөөс гадна нийт үйл ажиллагааны бүтээмж сайжирч, сул зогсолтыг бууруулах тул тээвэр, логистикийн дэд бүтцийн хүчин чадлын ашиглалт нэмэгдэнэ. Ачаа тээврийн урсгалыг нэг цэгт төвлөрүүлэх нь чингэлгийн ашиглалтыг сайжруулж, цуглуулбар ачааг цөөлөх ач холбогдолтой гэсэн мэдээллийг өгч байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top