Экспорт хийдэг 79 компанид ₮108 тэрбумын санхүүжилт олгожээ 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, дэмжих талаар анх удаа тусгасан боловч үүнийг бодитой ажил хэрэг болгож үр дүнд хүрэхэд Засгийн газрын манлайлал тэргүүн зэргийн ач холбогдолтой байна гэж Төв банкны ерөнхийлөгч хэллээ.

2023 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд Монголбанкнаас тус салбарыг дэмжих зорилтын хүрээнд уул уурхайн бус экспортод чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйчилгээг нэвтрүүлэх зорилтыг тусгажээ. Монголбанк 2020 оноос урт хугацаатай, харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлтэй репо санхүүжилтийн хэрэгслийг уул уурхайн бус экспортлогчдод чиглүүлж, одоогийн байдлаар 79 экспортлогч аж ахуйн нэгжүүдэд, 108 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгоод байна. Энэ онд ноолуурын салбарыг чиг баримжаа болгож Монголбанкнаас ноолуурын салбарын экспорт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тодорхой ажлуудыг гүйцэтгэж үр дүнгээ өгч эхлээд байна гэв.

Мөн тэрбээр  санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ гэж дан ганц хөнгөлөлттэй зээлийг ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. Энэ нь даатгал, баталгаа, төлбөр тооцоо, зээлийн барьцаа зэрэг өргөн агуулгатай бөгөөд дан ганц төрийн байгууллагын эх үүсвэрт тулгуурлахаас илүүтэй олон улсын санхүүгийн байгууллагуудын эх үүсвэр, хувийн секторын санхүүгийн эх үүсвэрийг төрийн дэмжлэгтэйгээр дайчлах тухай асуудлыг ойлгож болно. Ингэхийн тулд Монголбанк бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагын хувьд хөшүүргийн арга хэрэгслүүдийг дайчлан ажиллах бололцоотой юм гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top