Орон нутагт төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөл туйлын хангалтгүй байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн,  эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг дараах мэдээллийг өглөө.

“Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд цалин хөлсний иж бүрэн шинэчлэлийн асуудлыг үе шаттайгаар судалж оруулж ирсэн. Энэ жилийн хувьд төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 15 ангилал зэрэглэлтэй, дотроо таван шатлалтай байсныг багасган, хамгийн өндөр шатлалаар нь цалинг нэмэгдүүлэхээр тусгаад байгаа. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ажилласан жилийн нэмэгдлийг таван жилээр тооцдог байсныг эхний жилээс эхлэн тооцох зохицуулалтыг бий болгоод байна. Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй болох, гүйцэтгэлд суурилсан, үр дүнд суурилсан цалин хөлсний нэмэгдлийг олгох гээд олон багц асуудлуудыг энэ удаагийн төсвийн хуулийн хамт шийдэхээр тусгасан.

Орон нутагт төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөл туйлын хангалтгүй байна. Сум, орон нутагт хамгийн муу барилга захиргааных байгаа. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж байхгүй, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Ийм учраас дээрх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх захиргааны шинэтгэлийн реформын үе шат эхэлж байна”  гэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөөгий(202.179.10.192) 2022 оны 11 сарын 06

Үнэн дээ\n

1  |  0
Top