Ипотекийн хөтөлбөрийг ЗГ-т шилжүүлэх хүртэл ₮500 тэрбумын зээл олгох төлөвлөгөөтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Ипотекийн зээлээр байртай болох гэсэн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, банкуудад сар бүр 2400 орчим иргэн зээлийн хүсэлтээ гаргаж байна. Гэвч санхүүжилтийн эх үүсвэрийн дутмаг байдлаас үүдэн мянга мянган иргэний хүсэлт наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болж гацаанд ороод буй. Уг шалтгаан нь ипотекийн зээлийн төлөлтийг 5 удаа хойшлуулж, энэ салбарын мөнгөний урсгалыг зогсонги байдалд оруулсантай холбоотой.

Монголбанк ирэх онд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх хүртлэх хугацаанд нэмээд 500 орчим тэрбум төгрөгийн зээл олгогдох хүлээлт бий. Монголбанкнаас өгч буй мэдээлэлд энэ талаар  “Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дээрх төлөвлөгөөний дагуу тус хугацаанд нийт 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг 19.4 мянган өрхөд олгожээ” гэж буй  юм.

Тэгэхээр төлөвлөгөө ёсоор 2 их наядын зээл олгохоос 1.5 их наядыг нь олгочихсон, үлдсэн 500 тэрбумыг нь олгох ёстой гэсэн үг.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгожээ.

Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)

Харин энэ оны эхний есөн сард нийт 494.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 5.9 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Аравдугаар сард 56.25 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна гэсэн мэдээллийг өгч байсан.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээв Дээрх зээлдэгчид 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна гэсэн мэдээллийг Төв банкнаас өгч буй юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.19) 2024 оны 07 сарын 21

2024-2025 оны хичээлийн жилд Гадаад хэл заах арга, хэрэглээний англи хэлээр мэргэшсэн эрдмийн зэрэгтэй багш Олон улсын хөтөлбөртэй хувийн томоохон сургуульд гадаад хэлний сургалтыг хариуцан ажиллана. 99922603

0  |  0
Top