О.Цогтгэрэл: Мөнгөний бодлого дээр УИХ маш яаралтай ажлын хэсэг гаргаж, хэлэлцэхийг шаардаж байна

2022 оны 11 сарын 11

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гишүүн Монгол Улсын 2023 оны төвийн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлахтай холбогдуулж горимын санал гаргалаа.


Тэрээр “Өнөөдөр Монгол Улсын 2023 оны төсөв батлагдах гэж байна. Мөнгөний бодлого батлагдсан. Ер нь манай ирэх оны мөнгөний бодлого, ирэх оны төсвийн бодлого гэдэг өөрөө улс орон ирэх онд хаашаа чиглэж байна вэ, хаашаа явах вэ, гадаад, дотоодынхонд ямар сигнал өгөх вэ, иргэдэд ямар сигнал өгөх вэ. Зөвхөн сигнал төдий биш эдийн засаг хаашаа явах вэ гэдэг асар чухал бодлогын баримт бичиг.

Өнөөдөр эцэслэн батлагдах гэж байгаа 2023 оны төсвийн төсөл бол ирэх оныг урьдчилж, гадаад, дотоод нөхцөл байдал тодорхойгүйгээс гадна асар өндөр эрсдэлд, сөрөг байж болох нөхцөл байдлыг тооцоолоогүй, түүнийг үл тоосон, улс орныг дампуурал руу алхах үүдийг нээж өгсөн, ард иргэдийн ½ нь ядуурал руу бодитойгоор орох үнийн өсөлт, орлогын хосмдол руу чиглэсэн ийм төсөв болж батлагдаж байна.

Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж байдаг. Төсвийн хүрээний мэдэгдлүүд байдаг. Мөнгөний бодлого байдаг. Энэ бүгд зүгээр хэлэлцээд өнгөрдөг цаас боллоо. Төсвийн хүрээний мэдэгдэл гэж ирэх гурван жилийг төсөөлж харсан, хуульчилж хардаг бодлогын баримт бичиг, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд асар өндөр босготой зүйл заалтууд бий.

2021, 2022 оны мөнгөний бодлогоос харахад жижүүрийн хэдэн үгээр батлаад, тийм асуудлыг сайжруул, эрчимжүүл гэсэн гуравдугаар бие дээр цаг хугацаагүй, эзэн биегүй ийм л зүйл зааж өгдөг. Тэгэхээр үүнийг УИХ маш яаралтайгаар төсөв батлагдсаны дараагаас ажлын хэсгээ гаргаад, мөнгөний бодлогыг чанартай батлах, Улсын төсвийн тогтвортой байдлын хууль болон бусад зүйлүүдээ даган мөрдөхөд юу шаардлагтай вэ гэдэг дээр УИХ-аас ажлын хэсэг гарч дараа дараагийн чуулганы хуралдаануудад маш яаралтайгаар энэ асуудлыг өргөн барьж, хэлэлцэх шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд энэ удаагийн Монгол Улсын төсвийг эцэслэн батлах үйл ажиллагаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс удаа дараа байр сууриа илэрхийлж, энэ төсвийг зогсоогооч ээ, энэ төсвийн явж байгаа зам чинь ил, далд асан өндөр хэмжээний нууцлагдмал алдагдалтай байна, үүнийгээ зогсоогоос ээ гэдэг удаа дараагийн саналууд гаргаж байсан. Тиймээс 2023 оны төсвийг эцэслэн батлах санал хураалтад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дэмжиж оролцох боломжгүй. Мэдээж олонхоороо батлагдаад явна. Тэгэхээр энэ бүгд дээр та нар маш даруй, яаралтай бодлогын том арга хэмжээнүүд аваач ээ. УИХ-аас маргаашаас эхлээд үүн дээр ажлын хэсэг байгуулж ажиллаач ээ гэдгийг хүсэж, шаардлага тавьж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top