Төрмөл төрхөө хадгалсан ТӨСӨВ батлагдлаа

С.Данзан | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Төрийн хэмнэлтийн горим дор, эдийн засгийн хүндрэл дээр айсуй 2023 оны төсвийг эцэслэн баталлаа. Монгол Улсын төсвийг бүхэлд нь авч үзнэ гэвэл ирэх 2024 оны төсвийн төсөөлөл хүртэл үргэлжлээд үл барагдах биз. Тиймээс төсөвт эдийн засагчид, хууль батлагчид, иргэд хэрхэн хандаж байгаагаас агуулга нь харагдах болов уу. Эдийн засагчид, шинжээчдийн хувьд олон улсын болон хөрш орнуудын нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан үзээгүй. Эдийн засгийн хувьд бүрэн тусгаар тогтносон улс шиг “мөрөөдлийн” гэмээр төсөв болсон гэх шүүмжлэл өрнүүлж байгаа. Эрх баригчдын хувьд олон улсын байгууллагын дүн шинжилгээг харсан байж таарна. Түүнчлэн нүүрс зэс болон уул уурхайн баялагтаа найдаж төсөөлөл гаргасан нь ойлгомжтой. Ингэхдээ хил гааль, хөрш орнуудын нөхцөл байдлыг тунгааж хараагүй төөрөлдсөн гэдэг нь үнэний ортой.

Харин сөрөг хүчнээс “Сонгуу­лийн төсөв, тойрогт хуваарилсан төсөв” хэмээн тодотгосон. Шуудхан сонгуулийн төсөв гэж харах нь хэтэрхий төөрөлдсөн хэрэг болов уу. Учир нь, тэд эдийн засгийн хүндрэлтэй үед байшин барилгад хөрөнгө орууллаа гэж бухимдсан. Гэтэл сумын төвд баригдах ёстой Соёлын төвүүдийн барилгын ажлыг царцаасан. Төсөвт оруулж ирээгүй гэсэн үг.

Ирэх оны төсвөөс харж байхад боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтууд тусгасан. Гэхдээ шинээр хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьсан байна. Тиймээс 2023 онд нийт төслийн 78 хувийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тодотговол, 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад оруулахаар тусгасан. Үүнийг бол тойргийн төсөв, сонгуулийн төсөв гэж харахгүй байх. Гагцхүү төсөв батлагчдын зүгээс эдийн засгийн хүндрэлийг давах, төсвийн хариуцлага сахилгыг дээшлүүлэх, шинэчлэлийн реформ эхлүүлэх сайн төсөв боллоо гэж тодотгохдоо анх удаа иргэдийн дунд төсвийн хэлэлцүүлэг зохион байгуулж, уг саналд үндэслэн нийт 65 сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн 19 төвийн санхүүжилтийг тусгалаа гэх лоозонг өмнөө барихаа ч мартсангүй. Өнгөрөгч аравдугаар сарын 07-17-нд “Төсөв-2023” хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион байгуулсан. Үүнд нийт 68.641 иргэн “D-Parliament” цахим системд хандаж, 15.293 иргэн төсвийн төсөлтэй танилцан, 794 иргэн саналаа өгсөн аж. Хэдийгээр төрмөл төр­хөө хадгалж, нуух зүйлээ дал­далсан төсөв ч гэлээ ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж байгаа эерэг дүр зураг харагдаж байна. Магадгүй энэ нь хэлбэр төдий зүйл болох ч хэтдээ хэрэг болох зүйл.

Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 300 иргэний саналаар тус дүүргийн 12 дугаар сургуулийг ашиглалтад оруулах хөрөнгийн асуудлыг тусгажээ. Мөн Хан-Уул дүүргийн 80 иргэний саналаар тус дүүргийн 115 дугаар сургуулийн байрыг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалт төсөвт суулгасан гэх тайлбар өгч байгаа.

Хэдийгээр хүндрэл дундуур төсөв батлагдаж байгаа ч Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилго хадгалагдаж байгаа нь ойлгомжтой.

Мөн төсөв батлагчид нэг их наяд төгрөгийг хэмнэх боломжтой батлагдсан гэж үзсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулж, зардлыг бууруулсан эх үүсвэрээр гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлнэ, хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд гурван хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох юм гэх мэт хөөстэй байр сууриуд бий. Үнэн хэрэгтээ нэг их наяд төгрөг хэмнэх бус зарлагаа бууруулсан төдий зүйл гэдгийг шинжээчид хэлсэн. Ипотекийн зээл олгох эсэх нь хараахан шийдэгдээгүй бөгөөд Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болсон. Нөхцөл байдал үүнд тулж байхад орон сууцны зээл олгогдохгүй гэсэн үг. Нөгөө талаар “Цар тахлын тухай хууль”, бусад шийдвэрээр ипотекийн зээлийг зогсоосон нь өнөөдөр банкуудын тулгамдсан эрсдэл болчихсон, шийдвэрлэж чадаагүй байна.

Энэ мэтээр дурдаад байвал айсуй 2023 оны төсөвт бодит байдлаас тасарсан, эдийн засагчдын хэлж байгаачлан “мөрөөд­лийн” зүйл олон бий. Ерөнхийдөө өнгөлөн далдлах зүйлээ утга шилжүүлэн нууж, хараг­дуулах зүйлсийнхээ, өнгө будгийг зузаан тавьсан төсөв төрмөл төрхөө хадгалж батлагдлаа.  

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
????(192.82.76.134) 2022 оны 11 сарын 14

Төсвийн зарцуулалтын хяналт гэж байна уу. Зарим агентлаг, байгууллага энэ жилийн төсвөө 2 дахин нэмэгдүүллээ гээд бөөн баяр. Яагаад үнэхээр 2 дахин ажил хийх гэж баярлаж байна уу, идэх гэж баярлаж байна уу:::

0  |  0
Top