Саараад байсан инфляцын эрчим эргэн нэмэгдэж, 14.5 хувьд хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

Инфляцын өсөлт есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарч, наймдугаар сартай харьцуулахад эрчим нь буураад байсан бол аравдугаар сарын тооцооллоор 14.5 хувьд хүрч, эргэн өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 10.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өсжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа , үйлчилгээний үнийг судалдаг.

Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа юм. Энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна.  Инфляц аравдугаар сард 14.5 нэгж хувь гарсны 7.6 нэгж буюу 52.6 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

 

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС (өмнөх оны мөн үеэс), сараар, хувиар



Аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.9 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.6 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Харин инфляц өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.0 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэж статистикчид тайлбарлаж байна.

 

Дашрамд тодотгоход, Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаанаас үзэхэд иргэд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй байгаа юм.

Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 1000 гаруй иргэдийг хамруулсан судалгаанд оролцогчдын 76 хувь нь ирэх зургаан  сарын хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй байгаа бол 73 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.

Хэрэглэгчид инфляцын түвшинг ирэх зургаан сард 11.6 хувь байна гэж үзэж буй бол нэг жилийн хугацаанд 14 хувьтай байна гэсэн хүлээлттэй байгаа юм. Хүлээгдэж буй инфляцын ойрын зургаан сар болон жилийн дараах түвшингүүд өмнөх улиралтай харьцуулахад өсжээ.

Эндээс үзвэл иргэдийн дийлэнх нь үнийн түвшин өснө гэж үзэж байна. Хоёрдугаар улиралд иргэдийн инфляцын хүлээлт саарах хандлагатай байсан ч энэ улиралд инфляцын хүлээгдэж буй утга эргээд өссөн байна. Түүнчлэн инфляцын талаарх тодорхой бус байдал өндөр байна. Хөдөө амьдардаг хэрэглэгчид Улаанбаатар хотод амьдардаг хэрэглэгчидтэй харьцуулахад ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин арай бага өснө гэж хүлээж байна. Хотод жилийн хүлээгдэж буй инфляц 14.4 хувь байгаа бол хөдөө 13.3 хувь гэж гарчээ. Зургаан сарын инфляцын хүлээлт хот болон хөдөөний хэрэглэгчдийн дунд ойролцоо байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top