10 ДУГААР САРД: Экспорт $74.4 саяар буурч, импорт $32.4 саяар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Энэ оны аравдугаар сард Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүд хэрхэн тооцоологдсоныг  ҮСХ-ноос өнөөдөр 11.00 цагт танилцуулах юм.

Гадаад худалдааны үзүүлэлтээс хүргэхэд, Монгол Улс энэ оны эхнээс аравдугаар сарыг дуусталх хугацаанд 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 17.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 10 тэрбум ам.доллар, импорт 7.1 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 4 тэрбум ам.доллароор буюу 30.3%,  экспорт 2.5 тэрбум ам.доллароор буюу 33%,  импорт 1.5 тэрбум ам.доллароор буюу 26.6% тус тус өсжээ.

Харин 2022 оны аравдугаар сард экспорт өмнөх сараас 74.4 сая ам.доллароор буюу 6.4%  буурсан бол импорт 32.4 сая ам.доллароор буюу 4.3%  өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний арван  сард 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор буюу 52.4% өсжээ. Харин аравдугаар сард 300.0 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 106.8 сая ам.доллароор буюу 26.3% буурсан гэж статистикчид тайлбарлаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top