Монголын эдийн засаг 3.7 хувиар ӨСЖЭЭ

2022 оны 11 сарын 17

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тэгэхээр энэ оны эхний улиралд 3.8 хувиар буураад байсан Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хагас жилийн дүнгээр 1.9 хувийн өсөлттэй гарч байсан бол гуравдугаар улирлын байдлаар ийнхүү 3.7 хувийн өсөлтийг үзүүлжээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн есөн сарын дүнгээр ийн өсөлттэй гарахад хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Сануулахад, жилийн өмнөх буюу 2021 оны есөн сарын дүнгээр Дотоодын нийт бүтээгдэхүүн мөн 3.7 хувийн өсөлттэй гарч байв. Энэ өсөлтөд бүтээгдэхүүний цэвэр татвар болон үйлчилгээ, уул уурхайн салбар голлон нөлөөлж байсан юм.

Дашрамд, Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ гэдэг талаар танин мэдэхүйн мэдээлэл хүргэхэд:

1934 онд АНУ-ын эдийн засагч Simon Kuznets анх эдийн засгийн уг  хэмжүүрийг тухайн үеийн эдийн засгийн хямралын явц, үр дүнг тооцон гаргах зорилгоор бий болгосон байдаг. Тэрбээр энэхүү эдийн засгийн хэмжүүр онол нээлтээрээ 1971 онд Нобелийн шагнал хүртжээ.

Үйлдвэрлэлийн аргаар тооцдог  Дотоодын нийт бүтээгдэхүүн нь шинээр бий болсон нэмэгдэл өртөг аль салбарт бий болсныг харуулдаг. Үүнийг Дотоодын нийт бүтээгдэхүүний ӨСӨЛТ гэж ойлгож болох юм.

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан энэ оны гуравдугаар улирлын байдлаарх 3.7 хувийн өсөлт гэдэг нь Үйлдвэрлэлийн аргаар тооцсон үзүүлэлт юм.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон Дотоодын нийт бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгчдийн бий болгосон нэмэгдэл өртгийг зах зээлийн арилжаа солилцооны эцэст хаана, ямар хэлбэрийн өртөг болгож ашигласныг харуулдаг. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний ЗАРДЛЫН ӨСӨЛТ юм.

Тодотгоход, Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг 3 хувьд байхаар нэмэгдүүлснээ есдүгээр сард мэдэгдэж байсан билээ. Гэхдээ энэ нь экспорт, ялангуяа нүүрсний экспорт гүйцэтгэлээс шууд хамаарна гэсэн юм. 

Тэгвэл Дэлхийн банк сүүлийн байдлаар манай улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс 0.1 хувиар бууруулж 2.4 хувь болгосон.

ОУВС манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 1 хувь байна гэж тооцоолсноо мэдээлсэн. Энэ нь тус байгууллагын хувьд өмнөх төсөөллөө 6 хувиар буюу өндөр хувиар бууруулсан тооцоолол болсон юм.

Азийн хөгжлийн банкны эдийн засагчид, шинжээчдийн төсөөллөөр Монголын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөх төсөөлөлтэй байна.

Харин  S&P агентлаг “Түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өснө. Ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эерэг үргэлжилнэ” гэсэн таамаглалыг  өнгөрсөн долдугаар сард танилцуулсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пэлжид(64.119.27.5) 2022 оны 11 сарын 17

ард иргэд нь ядуурч а.а.нэгж байгууллага нь дампуурч байхад э/з өсөөд байдаг нь сонин бөгөөд хачин. харин улсын мөнгө баялагийн хулгайчдын орлого өссөн байх

0  |  0
Top