Эдийн засгийн гол салбаруудын ӨӨРЧЛӨЛТ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2015 оны зэрэгцүүлэх үнээр 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 730 тэрбум төгрөг буюу 3.7%-иар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан.

Тодотгоход, ДНБ 2020 оны эхний есөн  сард 6.7 хувиар буурсан бол 2021, 2022 оны эхний есөн  сард 3.7 хувиар тус тус өсжээ.

Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг 3 хувьд байхаар нэмэгдүүлснээ есдүгээр сард мэдэгдэж байсан билээ. Гэхдээ энэ нь экспорт, ялангуяа нүүрсний экспорт гүйцэтгэлээс шууд хамаарна гэсэн юм.

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд гадаад орчны таагүй нөхцөл байдал нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж, эдийн засгийн идэвхжил сул байсан. Харин төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлсэн. Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэсэн гэж Монголбанкнаас тодотгож буй.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, ДНБ 2022 оны эхний есөн  сард 3.7 хувиар өссөний 1.6 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, -2.3 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 2.4 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.7 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ.

Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг энэ оны эхний есөн  сард 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 310.9 тэрбум төгрөг буюу 10.2%-иар өссөн нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.6 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлжээ.


ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ӨСӨЛТ, БУУРАЛТ, өмнөх оны мөн үеэс, хувиар


Харин уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) оны эхний 9 сард 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 444.9 тэрбум төгрөг буюу 17.3%-иар буурчээ. Энэхүү бууралтад нүүрс олборлолт 11.9 хувиар, газрын тосны олборлолт 66.9 хувиар, зэсийн баяжмал 12.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.


УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ӨСӨЛТ, БУУРАЛТ, өмнөх оны мөн үеэс, хувиар


 

Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ  оны эхний есөн  сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 63.4 тэрбум төгрөг буюу 2.9%-иар өсжээ.  Үүнд барилгын салбарын нэмэгдэл өртөг 3.7 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.


АЖ ҮЙЛДВЭР, БАРИЛГЫН САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ӨСӨЛТ, БУУРАЛТ, өмнөх оны мөн үеэс, хувиар


 

Тэгвэл үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ  оны эхний есөн  сард 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 474.1 тэрбум төгрөг буюу 5.3%-иар өсжээ.  Үүнд бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 11.3 хувиар, мэдээлэл, холбооны салбарын нэмэгдэл өртөг 8.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.


ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ӨСӨЛТ, БУУРАЛТ, өмнөх оны мөн үеэс, хувиар


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top