ИПОТЕК: Төлбөрөө хойшлуулсан 63.200 зээлдэгч зээлээ төлж эхэлнэ 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод байна. 

Энэ оны эхний есөн сард нийт 494.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 5.9 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгожээ. 

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. 

Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.

Дээрх зээлдэгчид 2022 оны  дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Тодотгоход, УИХ дахь МАН-ын бүлэг ипотекийн зээл төлөлтийг дахин хойшлуулахгүй гэдэг дээр санал нэгдээд буй. Тэгэхээр эдгээр зээлдэгчид ирэх оны эхний сараас эхлэн зээлээ төлж эхлэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top