Эдийн засгийн өсөлтийн тооцооллыг ШИНЭЧИЛЖ байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Монголбанк ирэх арванхоёрдугаар сарын мөнгөний бодлогын хурлаар хэлэлцэх эдийн засгийн тооцооллыг шинэчилж байгаа аж. 

Өмнөх тооцооллоор 2023 оны өсөлтийг 4.4 хувь голчтой 2-6.8 хувь интервалд авч үзсэн. Тэгвэл  есдүгээр сартай харьцуулахад зарим чухал мэдээлэл шинэчлэгдэж, эдийн засагт үзүүлэх нөлөө нь илүү тодорхой болж ирж буйг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлж байна. 

Үүнд  урд хөршийн эдийн засгийн төлөв, “Тэг ковид” бодлого ч багтаж буй. Монгол Улсын экспортын гүйцэтгэл хэр сайн байхаас төлбөрийн тэнцэл, төсөв, бодит эдийн засаг болон санхүүгийн секторын үзүүлэлтүүд хамаарна. Бид шинэчилсэн төсөөлөл, шинжилгээгээ Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн дараа танилцуулна гэлээ.

Сануулахад, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 3.7%-иар өссөн статистикийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан.

ДНБ 2020 оны эхний есөн сард 6.7 хувиар буурсан бол 2021, 2022 оны эхний есөн сард 3.7 хувиар тус тус өссөн байгаа юм.

Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг 3 хувьд байхаар нэмэгдүүлснээ есдүгээр сард мэдэгдэж байсан билээ. Гэхдээ энэ нь экспорт, ялангуяа нүүрсний экспорт гүйцэтгэлээс шууд хамаарна гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top