Үнийн өсөлтийн эрчмийг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хатууруулсан шийдвэрүүдийн нөгөө талд зээл олголт үргэлжлэн агшиж буй нь хувийн хэвшлийнхэнд хүнд тусаж, зарим нь үүдээ барихад хүрч байна гэсэн мэдээллүүд гарч буй. Мөн арилжааны банкууд эргэлтийн хөрөнгөгүй болж байна гэсэн мэдээллүүд ч гарах болсон. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч дараах байр суурийг илэрхийллээ.
“Санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, банкууд санхүүгийн зуучлалаа хэвийн үргэлжлүүлж байна. Сүүлийн статистикаас харахад банкны систем есдүгээр сард 2.5 их наяд төгрөгийн зээлийг иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон, зээлийн өсөлт 13 хувь байна. Гэхдээ эдийн засгийн орчин, суурь хүүний өсөлтийг дагаад зах зээл дээр санхүүжилтийн нөхцөл чангарч, хүү өсөх, зээлийн шалгуур хатуурах хандлага өрнөж байна. Эдийн засаг маань инфляц уу, эдийн засгийн өсөлт үү гэдэг 2 сонголтын дунд явна. Нэг талаас инфляц, ханшийн эрсдэлийг удирдахын тулд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулж, санхүүжилтийн нөхцөлийг чангалахаас өөр аргагүй. Харин нөгөө талд үүний төлөөс нь зээл илүү үнэтэй, ховор болно гэсэн үг. Энэ нөхцөлд Монголбанк аль болох бодит эдийн засаг буюу иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт нь зөөлөн байхаар бодлогын тохиргоог хийхээр зорьж буй юм” гэв.
Сэтгэгдэл ( 0 )