Хөгжлийн банкны зээл төлөлт сүүлийн 1 сард ₮14.8 тэрбумаар нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Хөгжлийн банканд 2022 оны  нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 791.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс 703.9 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдсан аж.

Хөгжлийн банк нь 2022 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Үүнээс 31.8% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 907 тэрбум төгрөгийн, 68.2% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл аж.

Тэгэхээр Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 777 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байсан бол өнгөрсөн нэг сарын хугацаанд 14.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Тодотгоход,  Сангийн сайд Б.Жавхлан  Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг өгсөн.

“Хөгжлийн банкнаас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” 220 дугаар тогтоол батлагдаж төрийн өмчит есөн хуулийн этгээдэд холбогдох 565.5 тэрбум төгрөгийн активын эргэн төлөлтийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох этгээдүүдэд даалгасан.

Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “МИАТ” ХК-ийн 14.9 тэрбум төгрөгийг төлснөөр зээл бүрэн төлөгдөж хаагдсан. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр 117.2 тэрбум төгрөг, НОСК, ТОСК-ийн зээлийн төлбөрөөс 10.1 тэрбум төгрөг төлөгдөөд байна...  Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3-16 хувьд хүрч зохистой хэмжээнд хүрсэн гэсэн юм. Мөн тэрбээр Хөгжлийн банкны 2022 оны зээлийн эргэн төлөлтийг Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн ба тус хөрөнгөөр Самурай бондыг эргэн төлөх мөнгөн хөрөнгийг бүрдүүлж чадсаныг тодотгохын зэрэгцээ бондын эргэн төлөлтийн талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд 500.0 сая ам.долларын евро бондоос Хөгжлийн банканд оны эцэс хүртэл төлөгдөх зээлийн эргэн төлөлтөөр хэсэгчлэн худалдан авах ажиллагааг хийхээр ажиллаж байна. Бондуудыг хугацаанаас өмнө эргэн төлөх саналыг хөрөнгө оруулагчдад тавьснаар биднийг хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа, мөн бондын төлбөрөө төлөх чадвартай найдвартай түнш гэдгийг илэрхийлсэн гэсэн.

Хөгжлийн банкны активын чанар, зээлжих зэрэглэл тогтоох аргачлалуудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2022 оны 1, 2 дугаар улиралд Standard and Poors, Moody’s, Fitch агентлагуудаас ээлжит бус үнэлгээг хийсэн ба удаа дараагийн хэлэлцүүлгийн үр дүнд тус агентлагуудын зүгээс банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээ болон төлөвийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн ба Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл улсын зээлжих зэрэглэлтэй адил түвшинд хадгалагдаж байгаа.

Хөгжлийн банкны ОХУ-ын Внешэконом банктай байгуулсан гэрээний үүрэг 2019 оноос эхлэн зөрчигдсөн ба гэрээний үүргээс чөлөөлөгдөх хэлэлцээрийг тус банктай хийж, гэрээний зөрчил үүссэнээр бусад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө буцаан дуудагдах эрсдэлийг хаасан гэдгийг онцолсон.

Мөн тэрбээр, бид оны эцэст  нийт эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэж, оны эхэнд 1.3 хувь байсан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг 20 хувьд хүргэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр Хөгжлийн банкийг санхүүгийн үзүүлэлтийн хувьд  дампуурах эрсдэлээс бүрэн гарч, хэвийн үйл ажиллагаатай болж, банк бие даан ирэх оны өрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай  болж,  цаашид Хөгжлийн банкны Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах  үндсэн чиг үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top