100 сая ам.долларын зээл авахыг дэмжив

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтран “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Тодруулбал, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцлөө.

Төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах танилцуулгыг хийлээ.

БНХАУ-ын баримталж буй “Тэг-КОВИД” бодлогын улмаас тогтоосон хилийн хязгаарлалт болон Оросын Холбооны Улс, Украин улсуудын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан хүнс, эрчим хүчний үнэ огцом нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг бий болгосон. Түүнчлэн инфляцын түвшин өсөж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн хямрал улс орнуудын эдийн засагт хүндрэл учруулж байгааг дурдав.
 
Сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын өндөр түвшнийг тогтворжуулахаар улс орнууд Төв банкны бодлогын хүүгээ чангаруулж байгаа ба АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 2022 оны эхний 9 сард 5 удаа эрс нэмэгдүүлсэн нь ам.долларын ханшийг голлох валютуудын эсрэг 15 орчим хувиар өсгөж, хөгжиж буй орнуудад өрийн болон валютын ханшийн дарамтыг нэмэгдүүлсэн байна.

Геополитикийн хурцадмал байдал болон гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын төлбөрийн тэнцэлийн алдагдал 2022 оны есдүгээр сарын байдлаар 1.4 тэрбум ам.долларт хүрсэн бол гадаад валютын албан нөөц 2021 оны жилийн эцсийн үзүүлэлттэй харьцуулахад 1.5 тэрбум ам.доллароор буурч 2.8 тэрбум ам.доллар болсон байна. Түүнчлэн 2022 оны аравдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 1.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар энэ оны алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувиас хэтрэхгүй байхаар баталсан. Төсөв ийнхүү алдагдалтай батлагдсанаар төсвийн орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын өр үүсгэсэн санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Иймд “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

100 сая ам.доллартай тэнцэх тус хөтөлбөрийн зээлийг авч ашиглахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай зээлийн хэлэлцээрийг 2022 оны есдүгээр сарын 05-ны өдөр хийж, тус хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллартай тэнцэх зээл олгох асуудлыг тус банкны захирлуудын зөвлөл 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр баталжээ.

Олон улсын байгууллагууд дундаас бүс нутгийн үйл ажиллагаа явуулж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банкууд нь ОУВС-гаас харьцангуй хамаарал багатайгаар бие даасан шийдвэр гаргаж, хөтөлбөрийн зээл олгохоор ийнхүү шийдвэрлээд байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. 

Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай энэхүү эх үүсвэрийг энэ ондоо багтаан, яаралтай авч ашиглах шаардлагатай гэлээ.

Тус зээл эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, долоон жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна.

Зээлийн хэлэлцээрийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны  хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь дэмжив.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.247) 2022 оны 11 сарын 24

Мэдээ бичихдээ зээлийн зориулалт зарцуулалтыг хэлж болдоггүй юм уу? Эсвэл нууц юмуу?

0  |  0
Зочин(64.119.24.27) 2022 оны 11 сарын 24

Зээлийг хэрхэн ашигтай зарцуулах талаар огт дурьдахгүй байна. Эхний 3 жил дураараа зорилтгүй ашиглах юм бол дараагийн 4 жил өрөө төлж чадахгүй болчих вий!!

0  |  0
Haraa(103.57.95.30) 2022 оны 11 сарын 24

Vneheer iim zeel Ard irgeddee oldoh bolov uu ??????Baga hvvtei zeeliig banhni tanil taldaa ah dvv hamaatan sadni hvreegeer l olddogshdee

0  |  0
Зочин(202.9.46.252) 2022 оны 11 сарын 23

Болиоч дээ хулгайчууд аа арай дэндлээ ш дээ

0  |  0
Zochin(202.21.109.52) 2022 оны 11 сарын 23

Or tavij oroo darah ni uu.Bitgii bas dahiad hulgaich nart zelduulchiheerei

0  |  0
зочин(59.153.112.151) 2022 оны 11 сарын 23

өр тавьссаар нутаг орноо алдав даа

0  |  0
1(202.21.109.56) 2022 оны 11 сарын 23

boliochee turuuchiin zeelee yay gej bj

0  |  0
Top