“20 тонн алт худалдан авах зорилтдоо хүрнэ гэж тооцоолж байна”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Монголбанк энэ долоо хоногийн мягмар гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар 34 сая ам.долларыг 3412 төгрөгийн ханшаар банкуудад нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд 15.сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлээгүй аж.

Дашрамд тодотгоход, валютын орох урсгалыг нэмэгдүүлж, гарах урсгалыг сааруулах чиглэлээр ямар бодлого барьж байна вэ гэдэг асуултад Төв банкны удирдлага дараах хариултыг өгч байна.

“Валютын урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл оны эхний хагаст нэлээд өндөр дарамттай байв. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ эхнээсээ үр дүнгээ өгч, валютын орох урсгалыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн олон улсын байгууллагуудын санхүүжилтүүд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж байна. Монголбанкны хувьд валют олох нь хуулиар ногдсон зорилго биш. Бид алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Мөн түүнчлэн арилжааны банкууд олон улсын захаас валютын эх үүсвэр татах илүү таатай нөхцөлийг зохицуулалтаар бий болгоод буй” гэв.

Мөн алт худалдан авалтын талаар хэлэхдээ “Монголбанк 2022 онд 20 тонн үнэт металл худалдаж авахаар ажиллаж байна. Энэ нь одоогийн ханшаар тооцвол тэрбум гаруй ам.доллараар валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Оны эхний 10 сарын байдлаар 17.2 тонн үнэт металл худалдаж аваад буй тул энэ жилийн зорилтдоо хүрнэ гэж тооцоолж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.103) 2022 оны 11 сарын 23

1 граммыг хэдээр авахын?

0  |  0
Top