Барилга, байгууламж барихад зарцуулж буй өртөг 23.4 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Барилга, байгууламжийг барьж байгуулахад зарцуулж буй барилгын материал, машин, механизм, цалингийн үнийн өөрчлөлтийг “Барилгын өртгийн индекс” илэрхийлдэг.

Тэгвэл Барилгын өртгийн ерөнхий индекс энэ оны гуравдугаар улиралд 221.9 болж, барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 23.4 хувь, өмнөх улирлаас 8.3 хувиар өсжээ.

Орон сууцны барилгын өртгийн индекс гуравдугаар улиралд 261.3 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 28.6 хувь, өмнөх улирлаас 8.5 хувиар өссөн байна. Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 8.5 хувиар өсөхөд:

 

  • Материалын өртөг 8.3 хувь,
  • Машин механизмын түрээсийн зардал 14.9 хувь,
  • Цалингийн зардал 7.6 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

 

Орон сууцны бус барилгын өртгийн индекс гуравдугаар улиралд 215.9 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 22.5 хувь, өмнөх улирлаас 8.2 хувиар өсжээ.  Өмнөх улирлаас 8.2 хувиар өсөхөд:

 

  • Сургуулийн барилгын өртөг 9.4 хувь,
  • Эмнэлэг, сувиллын барилгын өртөг 5.7 хувь,
  • Конторын барилгын өртөг 11.8 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. 

Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс энэ оны гуравдугаар улиралд 160.1 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 12.1 хувь, өмнөх улирлаас 9.6 хувиар өсжээ. Өмнөх улирлаас 9.6 хувиар өсөхөд авто замын байгууламжийн өртөг 10.0 хувь, эрчим хүчний байгууламжийн өртөг 6.9 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top