Гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк цахим талбарт 21 сая ам.долларыг 3427 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.
Банкууд 10.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй аж.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2 тэрбум 935 сая 100 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 5.35 хувь буюу 149 сая ам.доллароор нэмэгдээд буй. Аравдугаар сарын эцэст гадаад валютын албан нөөц 2 тэрбум 786 сая ам.доллар байсан юм.
Тодотгоход, “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж буй.
Засгийн газрын тогтоол гарснаас хойших гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлж, тогтоолоор хүлээсэн төвлөрүүлэх орлогын гүйцэтгэл 48.4 хувьд хүрсэн гэсэн мэдээлэл өгсөн.
Сануулахад, Монголбанк 2022 онд 20 тонн үнэт металл худалдаж авахаар ажиллаж буйгаа мэдэгдэж байсан. Энэ нь одоогийн ханшаар тооцвол тэрбум гаруй ам.доллароор валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлж байсан.
Тэгвэл арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ 19.9 тоннд хүрч, 20 тоннд хүрэхэд дөхөөд буй.
Валютын орох урсгалыг нэмэгдүүлж, гарах урсгалыг сааруулах чиглэлээр ямар бодлого барьж байна вэ гэдэг асуултад Төв банкны удирдлага дараах хариултыг өгч байна.
“Валютын урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл оны эхний хагаст нэлээд өндөр дарамттай байв. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ эхнээсээ үр дүнгээ өгч, валютын орох урсгалыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн олон улсын байгууллагуудын санхүүжилтүүд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж байна. Монголбанкны хувьд валют олох нь хуулиар ногдсон зорилго биш. Бид алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Мөн түүнчлэн арилжааны банкууд олон улсын захаас валютын эх үүсвэр татах илүү таатай нөхцөлийг зохицуулалтаар бий болгоод буй” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )