Ирландын эрдэмтэд Монголын хурдан морьдын генийн онцлогийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Дублины их сургуулийн коллежийн эрдэмтэд хурдан морьдын онцлог генийг тогтоожээ.

Үүний тулд биологичид цэвэр цусны хурдан араб болон монгол морьдын генийг спортын бусад төрөлд зориулан гаргаж авсан морьдын гентэй харьцуулжээ.

Судалгаа, шинжилгээгээр хурдан морьдын ген үүлдрээс үл хамааран бусад төрлийн морьдынхоос ихээхэн өөр болохыг тогтоосон байна. Тодруулбал, NTM ген адууны хурдад онцгой нөлөөлдөг аж. Энэхүү ген нь морьдын тархины хөгжилд оролцохоос гадна тэдний уяа сойлго, ой тогтоолтод нөлөөлдөг байна. Энэхүү ген адууг гаршуулах явцад дэлгэрчээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс адууг гаршуулахдаа сургахад илүү тохиромжтой, дуулгавартай болон хурдныг нь сонгон авдаг байжээ.

NTM генээс гадна адууны булчингийн өсөлт, бодисын солилцоо зэрэг биологийн үйл ажиллагаатай холбоотой зургаан ген мөн үүрэг гүйцэтгэдэг байна. Ялангуяа, булчингийн агшилтад шаардлагатай MYLK2 генийг эрдэмтэд онцолжээ. Судлаачид хурдан морьдын генийг тодорхойлсноор илүү хурдан үүлдэр гаргаж авахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top